Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

Өнөөдөр Eagle News телевизийн эфирээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээлийн хэрэгжилт, эргэн төлөлт, мэдээллийн системийн шинэчлэл болон цаг үеийн асуудлаарх байр суурийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.Энэ хүрээнд гадаадад зээлээр суралцсан иргэдийн зээлийн гэрээний хэрэгжилт, авлагын асуудлыг нягтлан шалгах, мэдээллийн санг нэгтгэх, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод байдал, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.Тухайлбал, гадаадад зээлээр суралцсан нийт 1255 зээлдэгчтэй холбоотой 70.6 сая ам.долларын авлагын асуудлыг судалж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг эхлүүлээд байна. 1255 зээлдэгчийн гэрээг дүгнэх шаардлагатай байгаа нь ажлын хэсэг тогтоосон.Зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлт жил дараалан өсөж байна. Тодруулбал, 2023 онд 11.6 тэрбум төгрөг, 2024 онд 14.5 тэрбум төгрөг, 2025 онд 17.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрсөн бол 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 5.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгээд байна.2025 онд Боловсролын зээлийн сангаас 17,802 суралцагчид нийт 108.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, буцалтгүй тусламж, зээл олгосон нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих бодлогын үргэлжлэл болж байна.Мөн мэдээллийн системийн шинэчлэлийн хүрээнд E-Geree системийг нэвтрүүлж, дотоодын 28 мянга гаруй, гадаадын 2 мянга гаруй суралцагчийн гэрээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.Түүнчлэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг сонгон шалгаруулж, дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд суралцах боломж олгох зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн.Түүнчлэн элсэлтийн шалгалттай холбогдуулан Боловсролын зээлийн сангаас он гарснаас хойш 10 гаруй аймаг, нийслэлийн дүүргүүдийн төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, 10,000 гаруй иргэнд гадаад, дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг хүргэн ажилласан байна.Боловсролын зээлийн сан цаашид зээлийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, мэдээллийн сангийн уялдаа холбоог бэхжүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, хариуцлагатай байдлыг хангах, боловсролын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН “ӨВӨРХАНГАЙ БОЛОВСРОЛ-ЭКСПО 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, СУРАЛЦАГЧДАД БОЛОВСРОЛЫН БОЛОМЖУУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Өвөрхангай аймагт “Боловсролыг дэмжих жил”, аймгийн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ахлах ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд их, дээд сургуулиудын хөтөлбөр, элсэлтийн журам, тэтгэлэг, боловсролын зээл, мэргэжил сонголтын талаарх мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой “Өвөрхангай боловсрол-ЭКСПО 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд дотоодын томоохон их, дээд сургуулиудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Филиппин зэрэг улсын их, дээд сургуулиудын төлөөлөл, боловсролын зуучлагч болон сургалтын төвүүд зэрэг нийт 31 байгууллага оролцсон бөгөөд Боловсролын зээлийн сан хамтран оролцож, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэн ажиллалаа. Энэ үеэр Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл, хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл, шалгуур, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, бусад тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн дотоод, гадаадын боловсролын санхүүжилтийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө хүргэлээ. Ийнхүү арга хэмжээ нь сурагчдад боловсролын зорилгоо тодорхойлох, мэргэжлээ зөв сонгох, цаашдын суралцах боломжоо бодитоор төлөвлөхөд чухал дэмжлэг болсон юм.

БЗС-ийн үйл ажиллагааг 105-р ЕБС-д хүргэлээ.

Боловсролын зээлийн сангаас ерөнхий боловсролын 105 дугаар сургууль дээр 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан Боловсролын зээлийн сангаас үзүүлдэг үйлчилгээ, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр сурагчдад дотоод болон гадаадын сургалтын тэтгэлэг, боловсролын зээлд хамрагдах боломж, тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын журам болон цахим системийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгч мэдээлэл солилцов. Арга хэмжээнд Боловсролын зээлийн сангийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б. Баянмөнх, Дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж хариуцсан мэргэжилтэн Л. Базардаргиа, Цахим хөгжүүүлэлт хариуцсан мэргэжилтэн П. Учрал нар оролцож, сурагчдад мэдээлэл хүргэн ажиллалаа. Боловсролын зээлийн сан нь иргэдэд боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаар бодит, хүртээмжтэй мэдээлэл хүргэх, сурагч, оюутнуудыг боломжит хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр цаашид мэдээлэл, сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

Дундговь аймгийн Боловсрол Экспо-2026-д оролцов.

Дундговь аймгийн хэмжээнд “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр, мөн “Боловсрол, эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Боловсрол экспо-2026” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр Боловсролын зээлийн сан өдөрлөгт оролцож, сурагчдад дотоод, гадаадын сургалтын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн боломж, тэдгээрт хамрагдах нөхцөл, шаардлага, мэдээллийг танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ нь сурагчид ирээдүйн боловсролын зорилгоо тодорхойлох, санхүүгийн боломжийн талаар бодит ойлголт авахад чухал ач холбогдолтой байв. Тус өдөрлөгт аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын 9–12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид оролцож, нийт 1500 гаруй сурагч боловсролын чиг баримжаа, мэргэжил сонголт, элсэлт, тэтгэлэг, сургалтын боломжийн талаар нэг дороос цогц мэдээлэл авах нөхцөл бүрдлээ. Мөн өдөрлөгт гадаад, дотоодын 21 их, дээд сургууль, коллеж, сургалт зуучлалын 14 төв оролцож, элсэлтийн журам, шинэ хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэсэн нь сурагчдад элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсэн суралцахад бодит дэмжлэг болж байна.

Мишээл Экспо Төвд зохион байгуулагдсан арга хэмжээнд БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН амжилттай оролцлоо.

📍Мишээл Экспо Төвд зохион байгуулагдсан арга хэмжээнд БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН амжилттай оролцож, 4 өдрийн турш хүүхэд, залуучууд болон иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ. Арга хэмжээний хугацаанд нийт олон мянган сурагч, эцэг эхчүүдэд боловсролын зээл, тэтгэлэг, сургалтын боломжийн талаарх бодит, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэв. Ингэснээр ирээдүйгээ төлөвлөж буй залуус өөрт хэрэгтэй мэдээллийг шууд авч, зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлсэн юм. Манай байгууллагын хамт олон идэвх санаачилга, хариуцлагатай хандлагаар ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Боловсролын зээлийн сан “Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэнд оролцож байна

“Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Боловсролын зээлийн сан албан ёсоор оролцож, иргэд, суралцагчдад боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө хүргэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Боловсролын зээлийн сангаас дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч байна. Үүнд: Гадаад зээл, тэтгэлэг Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлэг болон хөнгөлөлттэй зээлээр суралцах боломж, тавигдах шалгуур, шаардлагын талаар; Буцалтгүй тусламж, тэтгэлэг Дотоодын их, дээд сургуулийн суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах нөхцөлийн талаар; Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн талаарх цогц мэдээлэл. Мэдээлэл, зөвлөгөөг 2026 оны 4 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд үзэсгэлэнгийн талбайд хүргэх тул иргэд, суралцагч та бүхэн хүрэлцэн ирж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ нээлттэй авах боломжтой.

Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна.

Боловсролын зээлийн сан-гийн Ажлын албаны дарга иргэдтэй биечлэн уулзалт зохион байгуулж, зээл, тэтгэлэг болон эргэн төлөлттэй холбоотой асуудлуудыг сонсож, санал солилцлоо. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултад тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас авах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн удирдлагатай нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь үр дүнтэй болсныг онцоллоо. Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэйг тэмдэглээд, цаашид ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа мэдэгдэв.

Уулзалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцаж тус сангийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар сайдад танилцуулж харилцан санал солилцож 4 багц асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

БЗС-ийн ажлын албаны даргын зөвлөл хуралдав

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болов. Хурлаар Боловсролын яамны шуурхайд танилцуулсан мэдээлэл, БЗС-ийн гадаад зээлийн гэрээний талаарх ажлын хэсгийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна. Хурлын төгсгөлд гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, холбогдох нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Уулзалт хийлээ

2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын зээлийн сан-гийн ажлын албаны дарга М.Төртогтох, мэргэжилтэн Э.Отгоншагай нар Lovely Professional University-ийн захирал Nitesh Mahajan-тай албан уулзалт хийв.Lovely Professional University нь Punjab муж-д байрлах Энэтхэгийн их сургууль бөгөөд одоогоор тус сургуульд Монгол Улсаас 12 оюутан амжилттай суралцаж байна. Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн бэлтгэл шатанд суралцаж буй оюутнуудтай уулзаж, сургуулийн давуу тал, боломжуудын талаар танилцуулга хийх зорилготой байгаагаа илэрхийлэв.Уулзалтын үеэр талууд Монгол Улсаас Энэтхэг Улсад багш нарын богино хугацааны сургалт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Nitesh Mahajan цаашид уг чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.