ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ Боловсролын зээлийн сангийн ахмад ажилтан, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор Дандарын Мишигдорж нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.Д.Мишигдорж нь 1951 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Тосонгийн Хархад хэмээх газар төрж, сумын дунд сургууль, 1968–1970 онд Ховд аймгийн Багшийн сургууль, 1973–1974 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1982–1986 онд УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 1999–2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.Тэрээр 2007 онд “Ардын аман зохиол хүний хүмүүжил төлөвшлийн чухал хэрэглүүр” сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, “Ардын аман зохиол” I, II дэвтэр, “Эрдмийн уурхай бидний сургууль” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг туурвин хэвлүүлсэн, өндөр боловсролтой, чадварлаг эрдэмтэн судлаач байлаа.Ажлын гараагаа 1974–1982 онд Завхан аймгийн Отгон сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, Пионерийн ахлах удирдагчаар эхлүүлж, 1986 оноос Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд хичээлийн эрхлэгч, 1989–1999 онд Завхан аймгийн Отгон сумын сургуулийн захирал, 2001–2012 онд БСШУЯ-ны Сургалтын төрийн санд мэргэжилтнээр тус тус ажилласан. Мөн Орхон их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монос, Этүгэн их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.Д.Мишигдорж нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэн он жилүүдийн хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлж, өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцсэн эрдэмтэн байлаа.Түүний боловсролын салбарт ажилласан хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж “VIII таван жилийн гавшгайч”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Боловсролын яамны “Хүндэт жуух”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасан юм.Түүний ажилч хичээнгүй, төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдах болно.Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАРЛАЖ БАЙНА
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАРЛАЖ БАЙНА: -Ерөнхий нягтлан бодогч -Гадаад зээл, тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн -Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн – Материал хүлээн авч дуусах хугацаа 2026 оны 1-р сарын 29 – Ажлын ярилцлага хийх хугацаа 2026 оны 1-р сарын 30 Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза оффисын 11 давхар Боловсролын зээлийн сан
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг (цаашид “Засгийн газрын тэтгэлэг” гэх) олгоно. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, манлайлах чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр шалгарч, магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагчид сангаас болон бусад эх үүсвэрээс тэтгэлэг олгоно. Суралцах боловсролын түвшин: Магистр, Доктор Засгийн газрын тэтгэлэгт дараах иргэн хамрагдана: 1.Магистрын зэргийн өмнөх бэлтгэл хөтөлбөр (хэлний бэлтгэл), магистр болон докторын хөтөлбөрөөр сургалтад суралцах төрийн албан хаагч; 2.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагч; 3.Техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр дэвшин суралцагч. Төрийн албан хаагчийн магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагч энэ журмын 2.2 т заасан нийтлэг шаардлага болон дараах тусгай шаардлага хангасан байна: 1. Төрийн албанд 5-аас доошгүй жил, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх; 2. Төрийн албан хаагчийн хувьд сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр холбогдох журамд заасан хамгийн өндөр үнэлгээний ангилалд багтсан байх; 3. Ажиллаж буй байгууллага захиалга өгсөн байх; 4. Гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөж ирээд 5 жил ажиллах боломжтой байх (өндөр насны болон цэргийн тэтгэвэр тогтоолгох насны хязгаар, төрийн тусгай албаны 20-25 жил ажилласан байх нөхцөлөөс үлдсэн хугацаа 10 жилээс доошгүй байх). ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 1. Магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан байх; 2. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлт авах хугацаа сунгагдлаа.
ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД: Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад олгодог “СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ“-ийн хүсэлт авах хугацаа 14 хоногоор сунгагдлаа. Оюутан суралцагч та бүхэн 2025-2026 оны хичээлийн жилийн I улиралд “СУРГАЛТЫН ЗЭЭЛ“-д хамрагдах хүсэлт гаргах бол суралцаж байгаа сургуулийн сургалтын албанд хандаж хүсэлтээ гаргана уу. Жич: ЗГ-ын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралт журамд заасан шалгуур, шаардлага хангах ёстойг анхаарна уу! Зээлийн давуу тал: Хүүгүй Барьцаагүй Мэргэжил харгалзахгүй Төгссөний дараа 5 хүртэл жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой Сонгосон багц цагийн төлбөрийг бүрэн олгох Тавигдах шаардлага ЭЕШ- босго оноо хангасан (шинэ элсэгч) Өмнөх улирлын голч дүн 2.8 -аас доошгүй (үргэлжлүүлэн суралцагч) Магистр, Доктор 3.0 -оос доошгүй Дэд бакалавр, Бакалавр, Магистр, Докторт анхлан суралцагч Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч Бусад Хүсэлт хүлээн авах:Сургуулийн сургалтын алба Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025.11.17 хүртэл
Гүйцэтгэлийн аудитын тайлан хүлээн авч зөрчлийг арилгахаар ажиллаж байна.
Боловсролын зээлийн сан (БЗС) нь Үндэсний аудитын газрын “Боловсролын зээлийн сангийн 2017–2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн” гүйцэтгэлийн аудитын тайланд дурдагдсан зөрчил, алдаа, доголдлыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Тайлантай танилцах бол Тайлан
ХББОСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА О.СИЙЛЭГМАА НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа дээд боловсролын тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлд орсон “Ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл” хөтөлбөрөөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд 2.5 жилийн хугацаанд суралцах бөгөөд цаашид орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдад сайдын нэрэмжит тэтгэлгийг олгож, гэрээний хэрэгжилтэд Боловсролын зээлийн сан хяналт тавьж ажиллахаар санамж бичгийг байгууллаа. Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Өнгөрсөн наймдугаар сард салбарын сайд Э.Бат-Амгалан барилгын салбар болон нийтийн аж ахуйн төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр тэдний зүгээс боловсон хүчин дутагдалтай байгаа талаар ярьсан. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой” гэдгийг онцлоод салбарын ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/3817 тоот албан бичгийг үндэслэн 404 хүүхдийн нэрийг зарлаж байна. Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм. Жагсаалтад багтсан хүүхдүүд МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоотоос болон 99949945, 99889379 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу. МОНГОЛ УЛСЫН СУМ, ХОРОО ТУС БҮРЭЭС ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДИЙН НЭРСИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.
Сонгон шалгаруулалтын дүн цахим хуудаст байршлаа.
Сонгон шалгаруулалтын дүн харах бол энд дарна уу.