Өнөөдөр Eagle News телевизийн эфирээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээлийн хэрэгжилт, эргэн төлөлт, мэдээллийн системийн шинэчлэл болон цаг үеийн асуудлаарх байр суурийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ хүрээнд гадаадад зээлээр суралцсан иргэдийн зээлийн гэрээний хэрэгжилт, авлагын асуудлыг нягтлан шалгах, мэдээллийн санг нэгтгэх, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод байдал, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, гадаадад зээлээр суралцсан нийт 1255 зээлдэгчтэй холбоотой 70.6 сая ам.долларын авлагын асуудлыг судалж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг эхлүүлээд байна. 1255 зээлдэгчийн гэрээг дүгнэх шаардлагатай байгаа нь ажлын хэсэг тогтоосон.
Зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлт жил дараалан өсөж байна. Тодруулбал, 2023 онд 11.6 тэрбум төгрөг, 2024 онд 14.5 тэрбум төгрөг, 2025 онд 17.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрсөн бол 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 5.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгээд байна.
2025 онд Боловсролын зээлийн сангаас 17,802 суралцагчид нийт 108.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, буцалтгүй тусламж, зээл олгосон нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих бодлогын үргэлжлэл болж байна.
Мөн мэдээллийн системийн шинэчлэлийн хүрээнд E-Geree системийг нэвтрүүлж, дотоодын 28 мянга гаруй, гадаадын 2 мянга гаруй суралцагчийн гэрээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Түүнчлэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг сонгон шалгаруулж, дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд суралцах боломж олгох зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн.
Түүнчлэн элсэлтийн шалгалттай холбогдуулан Боловсролын зээлийн сангаас он гарснаас хойш 10 гаруй аймаг, нийслэлийн дүүргүүдийн төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, 10,000 гаруй иргэнд гадаад, дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг хүргэн ажилласан байна.
Боловсролын зээлийн сан цаашид зээлийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, мэдээллийн сангийн уялдаа холбоог бэхжүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, хариуцлагатай байдлыг хангах, боловсролын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.