УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Боловсролын зээлийн сангаас Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн албан хаагчдад зориулан боловсролын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж болон сангаас үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр оролцогчдод дотоод, гадаадын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүд, боловсролын зээлд хамрагдах боломж, тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын журам, цахим системийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулан санал солилцов.

Мөн арга хэмжээнд Боловсролын зээлийн сангийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх, Цахим хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн П.Учрал нар оролцож, мэдээлэл, зөвлөгөө хүргэн ажиллалаа.

Боловсролын зээлийн сан нь иргэдэд боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаарх бодит, хүртээмжтэй мэдээллийг хүргэх, зорилтот бүлгүүдийг боломжит хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.