“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

     Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.     Өнөөдөр тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа. Бтламж гардсан 12 оюутан Япон Улсад инженер технологийн чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллана. Бакалаврын хамтарсан хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж 91.2%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2 жил суралцаад Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 3-р дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой. Төсөл 1 жилээр сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн оюутнуудад дахин шалгалт өгөх боломж бүрдэж өнөөдөр 3 оюутан шилжин суралцах эрхээ авлаа. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад энэ тэтгэлгийн зорилго оршино. Тэтгэлэг горилогчид www.ShineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэнэ үү.

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД КАНБЕРРАГИЙН ИХ СУРГУУЛЬД ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

     Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канберрагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, багш, оюутан солилцох, мөн 1+2, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн факультетын үйл ажиллагаатай танилцаж, CISCO компанийн шугамаар богино хугацааны сургалт зохион байгуулж буй туршлагаас хуваалцан, Монгол Улсад хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА  (2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ)             Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 15 Тэтгэлгийн зорилго: Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх; Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх; Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; Тэтгэлэг олгох чиглэл:             Магистрын хөтөлбөр /Франц болон Англи хэл дээр/ Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер, эдийн засаг, хууль зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно. Тавигдах шаардлага: Монгол улсын иргэн байх; Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх; Өмнө нь Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх Англи хэлний мэдлэг: • Хүчинтэй төгөлдөр IELTS-ын 5,5 эсвэл IBT TOEFL-н 50-с доошгүй оноотой байх Франц хэлний мэдлэг: DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин; DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ; TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом; Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу. Бүрдүүлэх баримт бичиг: Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/; Formulaire de demande en français (PDF – 341.1 ko) Мэдүүлэг монгол хэл дээр (PDF – 355.8 ko) CV буюу товч намтар; Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/; Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт; Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт; /Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914/ Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал; Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/ Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ. 2023 ОНЫ 4 САРЫН 15-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.             “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15 Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө. Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу. Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2023 оны 5-р сарын 1 нээс 10 ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2023 оны 5-р сарын 20 ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ. Монгол, Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ. Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ; Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах; Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ; Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах; Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах; Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх; Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх; Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө. Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Холбоо барих: Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас: 7012-0939/ Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс /Утас: 11-324519, Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr/ Мөн, Монгол дахь Кампус Франс Фасебүүк хуудас: Campus France en Mongolie Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу. Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой. ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) – Францад сурч, амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД – Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr КАМПУС ФРАНС – Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ  МОНГОЛ ДАХЬ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх; 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлагыг хангасан оюутан E-Mongolia платформ ашиглан “ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ”-д хамрагдаарай.

ЖОРЖ МЕЙСОНЫ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ТҮВШИНД ШИЛЖИН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

      2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын хэд хэдэн сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлж, санамж бичиг байгуулж байсан. Энэ сургуулиудын нэг нь Жорж Мейсоны их сургууль юм. Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тус сургуулийн оюутнууд АНУ-д шилжин суралцах хөтөлбөрийг зарлалаа. Жорж Мэйсоны их сургууль Виржиниа мужийн хамгийн том судалгааны их сургууль юм. Нийслэл Вашигтон хотод ойр байрладаг бөгөөд АНУ-ын 50 муж, дэлхийн 130 улсаас ирсэн 38 мянган оюутантай. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хурдацтай хөгжиж, инновац, энтрепренёр, олон талт, хүртээмжтэй байдлын төлөө тууштай ажилладаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн оюутнууд онлайнаар буюу https://www.gmu.edu/admissions-aid/apply-now холбоосоор бүртгүүлнэ үү: Бүх хөтөлбөр, мэргэжлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://catalog.gmu.edu/programs/ Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын төлбөр, байр, амьжиргааны бүх зардлаа хариуцана. Төлбөрийн мэдээлэл: Click for Transfer Costs and Information Оюутнууд дүнгийн хуудас болон шаардлагатай бусад бичиг баримтыг сургуулиасаа гаргаж өгнө. 30-аас доош кредит судласан оюутнууд БДБГэрчилгээ болон бусад бичиг баримтыг өгнө. Англи хэлний мэдлэгийн түвшин: TOEFL iBT – 80 ба дээ. Хэсэг бүрт 18-аас доошгүй оноотой байх (Волгенаугийн инженерийн сургуулийн оюутнуудад хамаарахгүй). Тестийн код: 5827. IELTS – 6.5 ба дээш. Дэд хэсэг бүрт 6.0-аас доошгүй оноо авсан байх. Код шаардлагагүй. Бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.

GOOGLE-ИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭ ПЛАТФОРМЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боловсролын шинэ платформ хэрэгжүүлэхээр ярилцлаа. Google компанитай хамтран 1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, 2. Багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа. 3. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликейшн нэвтрүүлж ажиллахаар боллоо.

РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/

РУМЫН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/ ТАВИГДАХ ШААРДЛАГА Бакалавр /3-6 жил/ • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцагч • Румын улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцахаар төлөвлөж буй иргэн Магистр /1-2 жил/ • Бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн Доктор /3-5 жил/ • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн • Суралцах сургуулийн элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгодог элсэлтийн зөвшөөрөлтэй байх (Acceptance letter); МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйчээс бусад бүх мэргэжлийн чиглэлээр суралцана. Бакалавр, магистрын түвшинд зөвхөн Румын хэлээр суралцуулна. Докторын түвшинд суралцах иргэд сонгосон сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан Румын эсвэл бусад хэл дээр суралцаж болно. Хэрэв Румын хэлээр суралцах бол 1 жил хэлний бэлтгэлд хамрагдана. /Румын улсын сургалтын байгууллагад 4-өөс дээш жил суралцаж төгссөн, Румын хэлний шалгалтын оноотой бол хэлний бэлтгэлд суралцах шаардлагагүй./ БҮРТГЭЛ 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл https://studyinromania.gov.ro/ цахим системээр явагдана. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг: • Боловсролын гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар (Боловсролын баримт бичиг); • Төрсний гэрчилгээ; • Иргэний үнэмлэх; • Гадаад паспорт эхний 3 хуудас /Олгосон байгууллагын мэдээлэлтэй хуудас/; • Анкет (Англи эсвэл Франц хэлээр байх) • Докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг горилогч бүтээлийн жагсаалт, судалгааны сэдэв, судалгааны ажлын нарийвчилсан төлөвлөгөө, суралцах сургуулийн удирдагч багштай тохиролцсон талаар бичиг баримт Дээрх баримт бичгийн Англи, Франц, Испани хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хариуг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цахим шуудангаар дамжуулан нэр дэвшсэн иргэнд өөрт нь шууд ирүүлнэ. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://studyinromania.gov.ro/ цахим хуудаснаас авна уу.