Дундговь аймгийн хэмжээнд “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр, мөн “Боловсрол, эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Боловсрол экспо-2026” өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ үеэр Боловсролын зээлийн сан өдөрлөгт оролцож, сурагчдад дотоод, гадаадын сургалтын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн боломж, тэдгээрт хамрагдах нөхцөл, шаардлага, мэдээллийг танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ нь сурагчид ирээдүйн боловсролын зорилгоо тодорхойлох, санхүүгийн боломжийн талаар бодит ойлголт авахад чухал ач холбогдолтой байв. Тус өдөрлөгт аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын 9–12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид оролцож, нийт 1500 гаруй сурагч боловсролын чиг баримжаа, мэргэжил сонголт, элсэлт, тэтгэлэг, сургалтын боломжийн талаар нэг дороос цогц мэдээлэл авах нөхцөл бүрдлээ.

Мөн өдөрлөгт гадаад, дотоодын 21 их, дээд сургууль, коллеж, сургалт зуучлалын 14 төв оролцож, элсэлтийн журам, шинэ хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэсэн нь сурагчдад элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсэн суралцахад бодит дэмжлэг болж байна.