Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн оюутны 2-р дотуур байраар орж оюутнуудтай уулзан, байрны нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Оюутны дотуур байрны засварын 1.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж дараах арга хэмжээ авч ажиллахаар болсон. Үүнд, 1. Тогтмол зардал олгоно. 2. Оюутны дотуур байр засварын санхүүжилтийг шийдвэрлэнэ. 3. Багш мэргэжлийн оюутны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан орон нутгийн их дээд сургуулийг дэмжих, хуримтлагдсан дулааны өрийн асуудлыг шийдвэрлэх болон багш, ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах, 4. Ойрын хугацаанд төрийн өмчийн 6 их сургуулийн захирлууд тус сургууль дээр ирж ажиллана. 5. Хөгжил политехник коллежийн хуучин байрыг энэ хичээлийн жилээс ахлах лицей сургуульд шилжүүлэн өгөх, 6. Байрны засварт төсөвлөгдсөн 50-60 сая төгрөгийг МУИС-ийн Удирдах зөвлөл шийдвэр гаргаж шийдвэрлэх, 7. Сургуульд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийн асуудлыг МУИС-д тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.
Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг засгийн газар баталлаа. Тогтоолоор багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
1. Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийн дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах 2. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм, журмыг шинэчилж боловсронгуй болгох, багшийг бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулах 3. Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах 4. Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх 5. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож урамшууллын хувийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх 6. Багшийн нийгмийн баталгааг хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
ХҮҮХЭД БАГАЧУУД, СУРАГЧ, ОЮУТАН ЗАЛУУСТАА 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.
2023-2024 оны хичээлийн шинэ жилд бүх шатны нийт 2429 боловсролын сургалтын байгууллагад 1 271 260 суралцагч хамрагдаж байна. Үүнээс: Их, дээд сургуульд нийт 147 000 оюутан, үүнээс 1-р курсэд 25 000 оюутан Мэргэжлийн боловсролын байгууллагад нийт 40 856 оюутан, үүнээс 22 000 оюутан шинээр элсэн суралцаж байна. #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ
2023 оны “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 310 хүүхдийн нэрийг зарлаж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2022 онд өөрчлөлт орсон. Шинэчилсэн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авч, онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол болзол хангах юм. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө. Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99045597 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Дээд боловсролын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэн боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах зорилгыг 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлж байна.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!! 2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ”-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү. БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ: Бүтэн өнчин суралцагч; Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч; Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч; Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч; Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч; Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч; Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч; “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч; Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч; Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч; Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч; Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч; Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч; Та доорх холбоосоор орж танилцана уу. Тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт https://shorturl.at/sAFH9 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ 7004-7009
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!! 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр суралцах хүсэлтэй оюутнуудын зээлийн хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү. Холбоосоор орж танилцана уу. Тавигдах шаардлага, Бүрдүүлэх материалын жагсаалт https://elf.gov.mn/ipages/flipbook/79?preview=1 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн жагсаалт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861285151
БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА…
Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээн авлаа. Боловсролын чанарын ялгааг арилгахад боловсролын хуулиуд бүхэлдээ чиглэнэ. Хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн хооронд асар их ялгаа үүслээ. Боловсролын салбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүсгэдэг болсон. Эрх мэдэлтэй, танил талтай, мэдээлэлд ойрхон нь сонгож суралцдаг бус гэртээ хамгийн ойр, аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлдэхэд хууль үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо алдагдсан нь чанарт шууд нөлөөлж байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хийсэн сурагч, багш, сургуулийн үнэлгээний үр дүнгээс харагдаж байгаа юм. Цаашид цэцэрлэг, бага сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, гэрт хамгийн ойр байрлахаар төлөвлөх болно. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулснаар гарааны ижил түвшнээс сургуульд элсүүлнэ. Ахлах сургуулийг төрөлжсөн байдлаар хөгжүүлж хүүхэд бүр мэргэжлээ зөв сонгох, сонирхол, өгөгдөл, ур чадвартаа таарсан хичээлүүдийг сонгон суралцах боломжоор хангана. Хотын хөдөөгийн, захын төвийн, хувийн улсын гэсэн сургууль хоорондын чанарын ялгаа, зааг арилна. Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд “багц цаг”-ийн системийг нэвтрүүлж, богино хугацаагаар суралцах боломжийг бий болгоно. Дээд сургууль төгсөөд ажил олгогчдод гологддог байдлыг энэ мэт түвшин бүрд хийх шинэчлэлээр арилгах боломжтой. Боловсролын түвшин бүр нь харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжсэн шинж чанартай байх ёстой. Анги өгсөх тусам сурагчдын сурах сонирхол буурч байгаа нь түвшин хоорондын уялдаа сул байгаатай холбоотой. Өнөөдөр дэлхий нийт боловсролыг өөр өнцгөөр харж байна. Ирээдүйн боловсрол хувьсан өөрчлөгдөж байна. Бид боловсролыг шинэ үзэл хандлагаа харж, сургалтын талаарх уламжлалт ойлголтоо эвдэж, сургууль, сургалтын байгууллагыг байшин барилга, анги танхимын 4 ханаар бус, шинэ дүр төрхөөр төсөөлж, багшийгаа мэдээлэл дамжуулагч бус нийгмийн шилжилт, өөрчлөлтийг удирдагч, ирээдүйд бүтээгч гэж харах цаг ирээд байна.
Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна.
Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлэн ахлах сургуулийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэснээр: Төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болно. Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяанд ерөнхий боловсролын ахлах сургуулиар байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгоно. Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх суурь шаардлага хангасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг бэлтгэн шатлан суралцах боломж бүрдэнэ. Төрөлжсөн ахлах сургуулиас их, дээд сургууль, коллежид элсэн суралцахад эзэмшсэн агуулгаа дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Дээрх шийдвэртэй холбогдуулан багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна. Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах; Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх; Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх; Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх; Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах; Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол. “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоол. “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай”