БЗС сонгон шалгаруулалтын системийн үйл ажиллагаа, сайжруулалтын талаар уулзалт хийлээ.

Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлсэн Дижитал Кредит ХХК-тай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БЗС-ийн ажлын албаны дарга М.Төртогтох, Дижитал Кредит ХХК-ны захирал Д.Болор-Эрдэнэ, БЗС-ийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцов. Уулзалтаар 2025 оны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан явц, уг үйл ажиллагаанд ашигласан цахим системийн ажиллагаа, хэрэгжилтийн туршлага, мөн сонгон шалгаруулалтын үеэр илэрсэн зарим асуудлыг цаашид хэрхэн сайжруулж, системийн үйл ажиллагааг илүү тогтвортой, үр ашигтай болгох чиглэлийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.    

Боловсролын зээлийн сан иргэдэд ил тод, нээлттэй үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

Боловсролын зээлийн сан нь төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэн төвтэй үйлчилгээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд иргэдэд нээлттэй, шуурхай үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Тус сангийн Ажлын албаны даргын иргэдтэй уулзах албан ёсны хуваарь нь Пүрэв гараг бүрийн 15:00–17:00 цагийн хооронд байдаг. Гэвч иргэдийн зүгээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагыг харгалзан, зөвхөн уг хуваарьт баригдалгүйгээр ажлын бусад өдрүүдэд ч иргэдийг хүлээн авч уулзан, холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Боловсролын зээлийн сангийн зүгээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ бөгөөд цаашид ч иргэдтэй шууд харилцах, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлэх юм.      

Боловсролын зээлийн сан “Смарт Контракт Монголиа” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Боловсролын зээлийн сан “Смарт Контракт Монголиа” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа Боловсролын зээлийн сан (БЗС) болон Смарт Контракт Монголиа ХХК нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд БЗС-ийн Ажлын албаны дарга М.Төртогтох, “Смарт Контракт Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөр нар гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд тус компанийн Смарт Контракт Монголиа ХХК-ны борлуулалт хариуцсан захирал Б.Элбэгжаргал, БЗС-ийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцлоо. Талуудын байгуулсан энэхүү гэрээний хүрээнд БЗС нь суралцагчдад үзүүлэх гэрээний үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, үйлчилгээний хурд, ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана. Ингэхдээ ДАН танилт, нэвтрэлтийн системд суурилсан цахим гэрээний шийдлийг ашиглан харилцагч, хэрэглэгчийг найдвартай баталгаажуулах юм. Хамтын ажиллагааны хүрээнд ашиглах “Хурдан” цахим гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох эрх зүйн зохицуулалтад бүрэн нийцсэн, талуудын эрх, үүргийг тэнцвэртэй тусгасан жишиг баримт бичиг бөгөөд гэрээний үндсэн нөхцөлүүдийг бөглөж илгээснээр 5–10 минутын дотор баталгаажуулах боломжтойгоороо онцлог юм. “Смарт Контракт Монголиа” ХХК нь иргэн, байгууллага, төр хоорондын бүх төрлийн баримт бичгийг 100 хувь цахимаар үүсгэх, илгээх, баталгаажуулах, улмаар блокчэйн сүлжээнд найдвартай хадгалах боломжтой E-Geree.mn цахим гэрээний системийг хөгжүүлээд байна. Тус компани нь Боловсролын ерөнхий газар-тай хамтран Эдүтэн, Пийрсон хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 685 сургуультай нийт 1380 орчим гэрээг ердөө 10 хоногийн дотор 100 хувь цахимаар амжилттай байгуулсан бодит туршлагатай. Өнөөдрийн байдлаар И-Монгол академи, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Монголбанк, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг 3300 гаруй байгууллага, 170,000 орчим иргэн E-Geree.mn системийг ашиглаж байна.

Даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болов.

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10:00–12:30 цагийн хооронд боллоо. Хуралдаанаар гадаадын сургалтын байгууллагад суралцагчдын санхүүжилт хүсэх, шилжүүлэх хугацааны хуваарь болон иргэд, олон нийтийг хүлээн авах хуваарийг баталж, мэдээллийг ил тод, нээлттэй хүргэж, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах шийдвэр гаргав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадад суралцаж буй 296 суралцагчтай сонгон шалгаруулалт өгөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн сургалтын зээлийн эргэн төлөлтийг тухайн суралцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу хэрэгжүүлэх, албан хаагчдын хөгжил, харилцаа, байгууллагын соёлыг дэмжих зорилгоор долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 08:30–12:30 цагийг “Мэдээллийн цаг” болгон зохион байгуулахаар боллоо.   Гадаадад суралцагчдад зориулсан мэдээллийг ил тод хүргэх цахим мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажлын даалгаврыг яаралтай боловсруулахыг холбогдох нэгжид үүрэг болгосон байна.    

Уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2024 оны элсэлтийн шалгалтаар харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцэн гадаадын их дээд сургуулиудад суралцаж байгаа 296 суралцагчдын 113 суралцагчийн ар гэрээс Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан журамд зааснаар гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан журамд зааснаар гэрээ байгуулах хүсэлтийг Боловсролын яам, Боловсролын зээлийн сангийн Ажлын албанд гаргасны дагуу хүсэлт гаргасан эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр АШУҮИС-ийн хурлын танхимд уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Уулзалтад Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга М.Төртогтох, Захиргаа, удирдлагын хэлтэс, Гадаад зээл тэтгэлгийн хэлтэс, Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөл оролцож “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2024 онд элсэн гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа эцэг, эхчүүдийн төлөөллийн саналыг сонсож, уулзалтад ирээгүй бусад эцэг, эхчүүдийн саналыг авч дахин уулзаж тулгамдаж байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэх зөвшилцөлд хүрлээ.  

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ     Боловсролын зээлийн сангийн ахмад ажилтан, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор Дандарын Мишигдорж нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.Д.Мишигдорж нь 1951 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Тосонгийн Хархад хэмээх газар төрж, сумын дунд сургууль, 1968–1970 онд Ховд аймгийн Багшийн сургууль, 1973–1974 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1982–1986 онд УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 1999–2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.Тэрээр 2007 онд “Ардын аман зохиол хүний хүмүүжил төлөвшлийн чухал хэрэглүүр” сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, “Ардын аман зохиол” I, II дэвтэр, “Эрдмийн уурхай бидний сургууль” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг туурвин хэвлүүлсэн, өндөр боловсролтой, чадварлаг эрдэмтэн судлаач байлаа.Ажлын гараагаа 1974–1982 онд Завхан аймгийн Отгон сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, Пионерийн ахлах удирдагчаар эхлүүлж, 1986 оноос Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд хичээлийн эрхлэгч, 1989–1999 онд Завхан аймгийн Отгон сумын сургуулийн захирал, 2001–2012 онд БСШУЯ-ны Сургалтын төрийн санд мэргэжилтнээр тус тус ажилласан. Мөн Орхон их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монос, Этүгэн их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.Д.Мишигдорж нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэн он жилүүдийн хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлж, өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцсэн эрдэмтэн байлаа.Түүний боловсролын салбарт ажилласан хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж “VIII таван жилийн гавшгайч”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Боловсролын яамны “Хүндэт жуух”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасан юм.Түүний ажилч хичээнгүй, төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдах болно.Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАРЛАЖ БАЙНА

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ЗАРЛАЖ БАЙНА: -Ерөнхий нягтлан бодогч -Гадаад зээл, тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн -Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн – Материал хүлээн авч дуусах хугацаа 2026 оны 1-р сарын 29 – Ажлын ярилцлага хийх хугацаа 2026 оны 1-р сарын 30 Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза оффисын 11 давхар Боловсролын зээлийн сан  

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг (цаашид “Засгийн газрын тэтгэлэг” гэх) олгоно.  Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, манлайлах чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр шалгарч, магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагчид сангаас болон бусад эх үүсвэрээс тэтгэлэг олгоно.  Суралцах боловсролын түвшин: Магистр, Доктор Засгийн газрын тэтгэлэгт дараах иргэн хамрагдана: 1.Магистрын зэргийн өмнөх бэлтгэл хөтөлбөр (хэлний бэлтгэл), магистр болон докторын хөтөлбөрөөр сургалтад суралцах төрийн албан хаагч; 2.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагч; 3.Техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр дэвшин суралцагч. Төрийн албан хаагчийн магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагч энэ журмын 2.2 т заасан нийтлэг шаардлага болон дараах тусгай шаардлага хангасан байна: 1.     Төрийн албанд 5-аас доошгүй жил, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх; 2.     Төрийн албан хаагчийн хувьд сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр холбогдох журамд заасан хамгийн өндөр үнэлгээний ангилалд багтсан байх; 3.     Ажиллаж буй байгууллага захиалга өгсөн байх; 4.     Гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөж ирээд 5 жил ажиллах боломжтой байх (өндөр насны болон цэргийн тэтгэвэр тогтоолгох насны хязгаар, төрийн тусгай албаны 20-25 жил ажилласан байх нөхцөлөөс үлдсэн хугацаа 10 жилээс доошгүй байх).    ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 1.     Магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан байх;    2.     Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх.