Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Ингээд өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо. 23 дахь удаагийн олимпиадын үр дүнгээр Тусгай байрын болзол хангасан 34 сурагч Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардлаа. Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна. Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм. Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33,5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм. Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө. Олимпиад гэдэг нэг талаар эрэмбэ чансааг тодорхойлох зорилготой ч нөгөө талдаа харилцан туршлага солилцох, ойртож нөхөрлөх, хамтарч урагшлах том боломж юм. Ази тивийн шилдэг сурагчдадаа амжилт хүсье.

Дотоодын их дээд сургуулийн шилдэг суралцагчдад зориулсан тэтгэлгийн ХОЁРДУГААР ШАТНЫ сонгон шалгаруулалт явагдаж байна

Дотоодын их дээд сургуулийн шилдэг суралцагчдад зориулсан тэтгэлгийн ХОЁРДУГААР ШАТНЫ сонгон шалгаруулалт явагдаж байна. Нийт 229 оюутан эсээний танилцуулга хийх юм. Шууд дамжуулалт үзэх бол: https://www.shinemyangan.mn #ШинэМянган #ШинэСэргэлт #Тэтгэлэг

АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА

Монголын багш эрдэмтдийн боловсруулсан онолын 3 бодлогыг оролцогч багийн ахлагч, багш нараар хэлэлцүүлэн батлуулав. Багш нараас сөрөг санал гараагүй байна. 23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад оролцогчид өнөөдөр онолын бодлогын даалгавар гүйцэтгэж байна. Онолын бодлогын шалгаруулалтыг Шинэ Монгол Харумафүжи сургуулийн байранд зохион байгуулав Суралцагчид онолын 3 бодлогыг 5 цагийн туршид бодно. Онолын бодлого бодох даалгаварт 195 суралцагч оролцож байна.

Гадаадын шилдэг их, дээд сургуулийн магистр, докторын түвшний суралцагсдад тэтгэлэг олгох ХОЁРДУГААР ШАТНЫ сонгон шалгаруулалт явагдаж байна

Гадаадын шилдэг их, дээд сургуулийн магистр, докторын түвшний суралцагсдад тэтгэлэг олгох ХОЁРДУГААР ШАТНЫ сонгон шалгаруулалт явагдаж байна Нийт 47 суралцагч бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 21 суралцагч тэнцжээ. Тэнцсэн суралцагчид яг одоо “Шинэ сэргэлтэд миний оролцоо” сэдвийн хүрээнд 3 минутын илтгэл англи хэл дээр тавьж байна. Шууд дамжуулалт үзэх бол: https://www.shinemyangan.mn #ШинэСэргэлт #шинэмянган #Тэтгэлэг

ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТ ДУУСЛАА🙌

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Шинэ Сэргэлт-Шинэ Мянган сургалтын тэтгэлэг энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр зарлагдаж, бүртгэл албан ёсоор эхэлсэн билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны хөгжлийн бодлого “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгын хүрээнд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэг зарлагдсан юм. Тэтгэлэг дотоодын их дээд сургуулийн шилдэг суралцагч 50 хүртэлх оюутанд 10 сая төгрөг, гадаадын шилдэг 100 их дээд сургуульд / “Times Higher Education World University Rankings” “Academic Ranking of World Universities”/ магистр, докторын түвшний сургалтад урилгаа авсан 50 хүртэл суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх хэлбэрээр зарлагдсан билээ. Бүртгэлийн хугацаанд Шинэ Сэргэлт-Шинэ Мянган тэтгэлэгт нийт 403 суралцагч бүртгүүлжээ. Дотоод тэтгэлэг Дотоодын их, дээд сургуулийн шилдэг суралцагч болон соёл урлаг, спортын чиглэлээр суралцагчийн тэтгэлэгт 356 оюутан материалаа ирүүлэн бүртгүүлсэн юм. Тэтгэлгийн эхний шатны сонгон шалгаруулалтаас дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт бүртгүүлсэн 127 оюутан техникийн шалгуур, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангаагүйн улмаас хасагдлаа. Дотоодын тэтгэлгийн эхний шатанд тэнцсэн 229 оюутан эсээний танилцуулга, ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад 2023 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд оролцоно. Гадаад тэтгэлэг Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт 47 иргэн бүртгүүлж тэдний 21 нь мөн хангаагүйн улмаас хасагдлаа. Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт бүртгүүлсэн 26 иргэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дараагийн шатны шалгаруулалтад хамрагдана. Дотоодын болон гадаадын тэтгэлгийн эхний шатны шалгаруулалтаас хасагдсан иргэдийн мэдээллийг өргөдлийн дугаараар https://www.shinemyangan.mn/results -ээс шалгана уу. Дараагийн шат буюу эсээ танилцуулах, ярилцлагад орох хуваарийг https://www.shinemyangan.mn/results-ээс үзнэ үү. Та бүхэнд амжилт хүсье! #ШинэМянган #ШинэСэргэлт #Тэтгэлэг

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана. Тавигдах шаардлага: • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна; • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна. Тэтгэлэгт багтах зардал: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана: • Сургалтын төлбөр • Дотуур байрны төлбөр • Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/ • Эрүүл мэндийн даатгалын зардал Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна. Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл: Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургууль өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалт хийх юм. Бүрдүүлэх баримт бичиг: • Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/ • “БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь бөглөх шаардлагатай ба хятад эсхүл англи хэлээр байна; /ЭНД ДАРЖ ӨРГӨДӨЛ ТАТАЖ АВНА УУ/ • Гадаад паспортын хуулбар; • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэл дээрх орчуулгын хамт байх/; • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах • Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/; • Урлагийн чиглэлээр суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай. *Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Тус хуудаст заасан заалтын аль нэг нь дутуу эсхүл фото зураг хавсаргаагүй, зохих тамгагүй, эмчийн гарын үсэггүй бол уг хуудсыг хүчингүйд тооцож тэтгэлэгт хамруулахгүй болно./ Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу. • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтнаас авах боломжтой/. Бүртгэл: 2023 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-ний өдрийн 11:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB-аас илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно) Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 75772727 дугаараас авна уу. Сонгон шалгаруулалт: Тэтгэлэг горилогч нь тавигдсан шаардлага болон бүрдүүлсэн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд өргөдлийг хүчингүйд тооцож хүлээж авахгүй болно. Таны бүрдүүлсэн баримт бичгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох их, дээд сургуулиудад өгөх болно. Холбогдох их, дээд сургууль бүр хариуцсан мэргэжлээр бичгийн шалгалт, ярилцлага зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан суралцагч нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Хэрэв тогтсон хугацаанд хятад хэлний шалгалтад тэнцээгүй тохиолдолд тус иргэн нь үндсэн ангид дэвшин суралцах боломжгүй болсноор тэтгэлгээс хасагдах болно. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА 2014 оноос эхлэн Засгийн Газрын тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авах болсон. “Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшнийг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах” зорилготой юм. Энэ шалгалтаар Уншиж ойлгох чадвар Зөв бичих дүрмийн хэрэглээний чадвар Үндэсний бичгээр унших чадвар Эх зохион найруулах буюу илэрхийлэх чадварыг сорьсон задгай хэлбэрийн даалгавраар шалгуулагчийн бодит чадварыг үнэлдэг. Шалгалтын босго оноог Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 400 байхаар тогтоосон. 2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэл бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 34 оноо буюу 68 хувьтай байлаа. Энэ нь өмнөх онуудын дунджаас өссөн үзүүлэлт юм. Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм. Тэнцээгүй суралцагчдын тухайд энэ оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах 2 дахь шатны шалгалтад хамрагдах боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид 6 дугаар сард зохион байгуулах Элсэлтийн ерөнхий шалгалтад сонгосон хичээлүүдээрээ хамрагдах боломжтой.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “ШИНЭ СЭРГЭЛТ – ШИНЭ МЯНГАН” УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО…

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 31,9 мянган сурагч 12 дугаар ангиа төгсөж байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдад хамгийн чухал зүйл бол мэргэжил сонголт байдаг. Тиймээс Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордонд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын тухай ярилцах, санал сонсох “Шинэ сэргэлт-Шинэ мянган” уулзалт, үзэсгэлэнг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “ШИНЭ СЭРГЭЛТ – ШИНЭ МЯНГАН” сэдвээр илтгэл танилцуулав. ️Тус үйл ажиллагаанд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 293 сургуулийн төлөөлөл 650 гаруй сурагчид оролцлоо. Энэхүү уулзалт, үзэсгэлэнд дараах мэдээлэл багтав. ЗӨВЛӨГӨӨ-МЭДЭЭЛЭЛ Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд анхаарах зүйлс Шалгалтын сэтгэл зүй, өсвөр насны хүүхдүүдийн анхаарах зүйлс Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчийн САЙН ТУРШЛАГА Монгол Улсын Засгийн газраас оюутан залуучуудад олгож буй тэтгэлгийн талаарх мэдээлэл Гадаадын тэтгэлэг авсан сайн туршлага, хүүхэд, залуучууд хувийн бэлтгэлээ хэрхэн хангах талаар зөвлөгөө Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад тохиолддог бэрхшээлүүд ҮЗЭСГЭЛЭНД “MEDLE” монголын анхны цахим сургуулийн танилцуулга, мэдээлэл “GUYUK” метаверс боловсролын виртуал экспогийн талаарх мэдээ, мэдээлэл “ТэтгэлэгМН” оюутан, сурагчдад зориулсан тэтгэлгийн цогц мэдээлэл “ЭДҮТЭН” математикийн хичээлийн платформын танилцуулга “ПЕАРСОН” англи хэлний хичээлийн цогц системийн танилцуулга “СУРААДМН” математикийн хичээлийн хоцрогдол арилгах платформын танилцуулга “MOZAIK” боловсролын цогц системийн талаарх танилцуулга, мэдээлэл Төрийн өмчийн 6 их сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан үйлчилгээ зэрэг мэдээлэл багтлаа. Сурагчид энэхүү уулзалтаас авсан мэдээллээ бусад сурагчидтайгаа хуваалцах үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах юм. Энэ хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орох Элсэлтийн ерөнхий шалгалтад 34426 хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 29025 буюу 84,3 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид байна.

“ИЖОБ” ПЛАТФОРМООР ДАМЖУУЛАН СҮҮЛИЙН 10 ХОНОГТ 481 ИРГЭН АЖИЛД ЗУУЧЛАГДЛАА.

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформоор дамжуулан сүүлийн арав хоногт 481 иргэн ажилд зуучлагдлаа. 4 дүгээр сарын 25-ны байдлаар 5639 ажил олгогч, 15286 ажлын байр, 28283 ажил хайгч иргэн бүртгэгдээд байна. Энэхүү цахим платформыг 1 сая гаруй хэрэглэгч ашиглах боломжтой томоохон хэмжээний цогц платформ болгохыг зорин системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэхээр ажил олгогч, иргэд олон нийт, нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллаж байна. Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгодог “Ижоб” платформын мобайл аппликэйшныг мөн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Дараах QR кодоор “EJOB” аппликэйшныг гар утсандаа татаарай. ТА ӨӨРТ ТОХИРОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛТНАА ЭНДЭЭС ОЛООРОЙ #ejob www.ejob.gov.mn

ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА Олимпиадын бүтэц: • Математик • Физик • Хими • Мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьж оролцоно. Зорилго: “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулна. Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой. Хамрах хүрээ: Олимпиадад оролцогчид нь Ерөнхий боловсролын сургуулийг 2023 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх суралцагчид байна. Бүртгэл хийх хугацаа: Эхлэх 2023 оны 04 дүгээр сарын 19 Дуусах 2023 оны 05 дугаар сарын 03 Улсын анхдугаар олимпиадын үе шат, хугацаа Нэгдүгээр шат. (Цахимаар явагдана) 2023 оны 05 дугаар сарын 04-д Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Хоёрдугаар шат. (Цахимаар явагдана) 2023 оны 05 дугаар сарын 06-д нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчдад тодорхой даалгавар өгнө. 2023 оны 05 дугаар сарын 14-ийг дуустал даалгаврын гүйцэтгэлийн бичлэгийг хүлээж авна. 2023 оны 05 дугаар сарын 17-д шалгарсан эхний 20 сурагчийн нэрийг зарлана. 2023 оны 05 дугаар сарын 18-д шалгарсан сурагчидтай цахим ярилцлага хийнэ. 2023 оны 05 дугаар сарын 19-д шалгаруулалтын дүн, мэдээг танилцуулна. 2023 оны 05 дугаар сарын 22-д шагнал гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа. Даалгаврын төрөл Нэгдүгээр шатан нь математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлүүдийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгавруудыг гүйцэтгэнэ. Хоёрдугаар шатанд инженерийн тооцоонд суурилж гүйцэтгэх, зохион бүтээх, бүтээлчээр сэтгэх ур чадварыг шалгасан даалгаврыг гүйцэтгэнэ. Олимпиадын зохион байгуулалт Нэгдүгээр шатыг Олимпиадын комисс цахимаар зохион байгуулах бөгөөд удирдамжийн 3.2-т заасан даалгавруудыг гүйцэтгэнэ. Аймаг, дүүрэг тус бүрээс нэгдүгээр шатны эхний гурван байр эзэлсэн сурагчид хоёрдугаар шатын шалгаруулалтад оролцоно. Хоёрдугаар шатын шалгаруулалтад оролцох өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж хийсэн бүтээлээ онолын үндэслэлтэйгээр тайлбарласан 10 хүртэл минутын бичлэг хийж зохион байгуулах комисст ирүүлнэ. Шалгаруулалтыг Олимпиадын комиссын гишүүд дүгнэж оноог нэгтгэнэ. Тухайн бичлэгийг сонирхон үзсэн үзэгч, олон нийтийн санал, лайк зэргийг үнэлгээнд оруулж тооцно. Эхний 20 нь бүтээлийг шалгаруулж, хэрхэн хийсэн болон онолын мэдлэгийн хүрээнд ярилцлага хийж эцсийн шалгаруулалтын дүнг гаргана. Олимпиадад оролцогчдод өгөх санамж: Тоног төхөөрөмжийн бүрэн байдал, сүлжээний тасралтгүй ажиллагааг оролцогч өөрөө хариуцна. Хоёрдугаар шатны даалгаварт ашиглагдах материалын жагсаалтыг олимпиад зохион байгуулах комиссоос урьдчилан мэдэгдэнэ. Даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарласан видео бичлэгийг сурагчдад хүргүүлнэ. Олимпиадын шагнал урамшуулал: Олимпиад зохион байгуулах комисс нь ажлуудыг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн амжилтын дүнг гаргана. 1-р байр. Нэг сурагч Шагнал: өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөр (100%) 2-р байр. Хоёр сурагч Шагнал: өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (70%) 3-р байр. Гурван сурагч Шагнал: өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (50%) Тусгай байр. Таван сурагч Шагнал: өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (30%) Бүртгэлийн линк: Доорх линкээр орж олимпиадад бүртгүүлнэ. https://forms.gle/2fA3oC9Fz1XegCV66 Холбоо барих утасны дугаар: 99089677, 99699693, 99748003, 99172033 Цахим хаяг: Future-Engineer@must.edu.mn Фейсбүүк хаяг: Ирээдүйн инженер