ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД!

Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia‘23 форумд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Форум нь олон талт оролцогчдод өөрсдийн инновацийг жолоодох, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, үр нөлөөтэй, тогтвортой хамтын нийгэмлэгийг хөгжүүлэх орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлхээр бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог. Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11 сарын 7-ны өдөр Берлин хотноо зохион байгуулах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчидтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч мөнгөн шагналтай. Falling Walls Lab Mongolia форум 2023 оны 09 сарын 25-нд 14.00 цагаас МУИС-ын Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон hybrid хэлбэрээр зохион байгуулагдана. Оролцогчдын бүртгэл https://falling-walls.com/lab/apply/mongolia/ хаягаар 2023 оны 09 сарын 17-ны өдрийг дуустал явагдана. Форумын ерөнхий зохион байгуулагчаар “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ Arts&Media Project Management&Consulting, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа Oyuntuya Oyunjargal, Хамтран зохион байгуулагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” German Mongolian Institute for Resources and Technology – GMIT, Албан ёсны түншээр , Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, Дэмжигчээр: Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/, INWES – олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо тус тус дэмжин хамтран ажиллаж байна.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2023 оны элсэлт эхэллээ.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2023 оны элсэлт эхэллээ. JDS нь Монгол улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудаснаас харна уу. [Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа] Магистр:11-р сарын 06 (Даваа) хүртэл Доктор:12-р сарын 08 (Баасан) хүртэл Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудсаар урьдчилан бүртгүүлнэ үү. Танилцуулга семинар цахимаар : 9-р сарын 14 (Пүрэв) 14:00-15:30 9-р сарын 23 (Бямба) 11:00-12:30 Танилцуулга семинар танхимаар : 9-р сарын 30 (Бямба) 11:00-12:30 10-р сарын 05 (Пүрэв) 18:30-20:00 [Холбоо барих хаяг] JICE JDS Төслийн Монгол дахь Оффис Цахим шуудан: jds.mongolia@jice.org Утас:9549-5902, 9978-5902 Вэбсайт: https://jds-scholarship.org/country/mongolia/index.html Өргөдөл гаргагч танд амжилт хүсье.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн оюутны 2-р дотуур байраар орж оюутнуудтай уулзан, байрны нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Оюутны дотуур байрны засварын 1.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж дараах арга хэмжээ авч ажиллахаар болсон. Үүнд, 1. Тогтмол зардал олгоно. 2. Оюутны дотуур байр засварын санхүүжилтийг шийдвэрлэнэ. 3. Багш мэргэжлийн оюутны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан орон нутгийн их дээд сургуулийг дэмжих, хуримтлагдсан дулааны өрийн асуудлыг шийдвэрлэх болон багш, ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах, 4. Ойрын хугацаанд төрийн өмчийн 6 их сургуулийн захирлууд тус сургууль дээр ирж ажиллана. 5. Хөгжил политехник коллежийн хуучин байрыг энэ хичээлийн жилээс ахлах лицей сургуульд шилжүүлэн өгөх, 6. Байрны засварт төсөвлөгдсөн 50-60 сая төгрөгийг МУИС-ийн Удирдах зөвлөл шийдвэр гаргаж шийдвэрлэх, 7. Сургуульд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийн асуудлыг МУИС-д тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг засгийн газар баталлаа. Тогтоолоор багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

1. Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийн дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах 2. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм, журмыг шинэчилж боловсронгуй болгох, багшийг бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулах 3. Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах 4. Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх 5. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож урамшууллын хувийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх 6. Багшийн нийгмийн баталгааг хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ХҮҮХЭД БАГАЧУУД, СУРАГЧ, ОЮУТАН ЗАЛУУСТАА 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.

2023-2024 оны хичээлийн шинэ жилд бүх шатны нийт 2429 боловсролын сургалтын байгууллагад 1 271 260 суралцагч хамрагдаж байна. Үүнээс: Их, дээд сургуульд нийт 147 000 оюутан, үүнээс 1-р курсэд 25 000 оюутан Мэргэжлийн боловсролын байгууллагад нийт 40 856 оюутан, үүнээс 22 000 оюутан шинээр элсэн суралцаж байна. #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ

2023 оны “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо

2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 310 хүүхдийн нэр тодорлоо Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 310 хүүхдийн нэрийг зарлаж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2022 онд өөрчлөлт орсон. Шинэчилсэн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авч, онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол болзол хангах юм. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө. Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99045597 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.  

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!! 2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ”-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү. БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ: Бүтэн өнчин суралцагч; Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч; Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч; Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч; Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч; Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч; Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч; “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч; Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч; Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч; Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч; Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч; Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч; Та доорх холбоосоор орж танилцана уу. Тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт https://shorturl.at/sAFH9 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ 7004-7009

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!!

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!!! 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр суралцах хүсэлтэй оюутнуудын зээлийн хүсэлт, материалыг авч эхэллээ. Та бүхэн суралцаж байгаа сургуулийнхаа сургалтын албанд хандаж материалаа өгнө үү. Холбоосоор орж танилцана уу. Тавигдах шаардлага, Бүрдүүлэх материалын жагсаалт https://elf.gov.mn/ipages/flipbook/79?preview=1 Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн жагсаалт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861285151

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА…

Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээн авлаа. Боловсролын чанарын ялгааг арилгахад боловсролын хуулиуд бүхэлдээ чиглэнэ. Хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн хооронд асар их ялгаа үүслээ. Боловсролын салбар өөрөө нийгмийн ялгаатай байдлыг үүсгэдэг болсон. Эрх мэдэлтэй, танил талтай, мэдээлэлд ойрхон нь сонгож суралцдаг бус гэртээ хамгийн ойр, аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлдэхэд хууль үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо алдагдсан нь чанарт шууд нөлөөлж байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хийсэн сурагч, багш, сургуулийн үнэлгээний үр дүнгээс харагдаж байгаа юм. Цаашид цэцэрлэг, бага сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, гэрт хамгийн ойр байрлахаар төлөвлөх болно. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулснаар гарааны ижил түвшнээс сургуульд элсүүлнэ. Ахлах сургуулийг төрөлжсөн байдлаар хөгжүүлж хүүхэд бүр мэргэжлээ зөв сонгох, сонирхол, өгөгдөл, ур чадвартаа таарсан хичээлүүдийг сонгон суралцах боломжоор хангана. Хотын хөдөөгийн, захын төвийн, хувийн улсын гэсэн сургууль хоорондын чанарын ялгаа, зааг арилна. Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд “багц цаг”-ийн системийг нэвтрүүлж, богино хугацаагаар суралцах боломжийг бий болгоно. Дээд сургууль төгсөөд ажил олгогчдод гологддог байдлыг энэ мэт түвшин бүрд хийх шинэчлэлээр арилгах боломжтой. Боловсролын түвшин бүр нь харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжсэн шинж чанартай байх ёстой. Анги өгсөх тусам сурагчдын сурах сонирхол буурч байгаа нь түвшин хоорондын уялдаа сул байгаатай холбоотой. Өнөөдөр дэлхий нийт боловсролыг өөр өнцгөөр харж байна. Ирээдүйн боловсрол хувьсан өөрчлөгдөж байна. Бид боловсролыг шинэ үзэл хандлагаа харж, сургалтын талаарх уламжлалт ойлголтоо эвдэж, сургууль, сургалтын байгууллагыг байшин барилга, анги танхимын 4 ханаар бус, шинэ дүр төрхөөр төсөөлж, багшийгаа мэдээлэл дамжуулагч бус нийгмийн шилжилт, өөрчлөлтийг удирдагч, ирээдүйд бүтээгч гэж харах цаг ирээд байна.