БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН БОЛОН МАХИДОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХООРОНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Боловсролын зээлийн сан (БЗС) болон Тайландын Махидолын их сургуулийн төлөөлөгчдийн хооронд хамтарсан уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтад БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Махидолын их сургуулийн “Сириндхорн” протез, ортозын сургуулийн захирал Гулапар Срисавасди, тус сургуулийн дэд захирал Саситон Суктом, мөн Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа, болон бусад албаны хүмүүс оролцов. Тус уулзалтын гол зорилго нь талуудын үйл ажиллагааны чиглэл, бодлого, туршлага, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудыг судлахад оршив. Уулзалтын үеэр боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Махидолын их сургуульд протез, ортозын чиглэлээр Монголын оюутнуудыг сургах, Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь протез, ортозын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, чиглэлээр санал солилцов. Энэхүү уулзалт нь талуудын хооронд харилцан ойлголцол бий болгож, хамтын ажиллагааны эхний алхам болсон ач холбогдол бүхий уулзалт боллоо.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН БОЛОН ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Боловсролын зээлийн сан (БЗС) болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр байгууллагын түншлэлийг албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хүрээнд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадварлаг мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил олгох болон мэргэшүүлэх, давтан сургах үйл ажиллагааг эрчимжүүлэх, суралцагчдыг БЗС-ийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Энэхүү санаачилга нь төр, бизнесийн байгууллагын түншлэлийн үр дүнд боловсролын зээлийн сангийн нийгмийн хариуцлага, хүрэлцээтэй санхүүжилтийн бодлогыг үйлдвэрлэлийн салбарт ойртуулж буй чухал алхам болж байна. Тус арга хэмжээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Бүтээмжийн менежер Д.Баярбилэг, Боловсролын зээлийн сангийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцож, хоёр талын хамтын ажиллагаа цаашид үр дүнтэй, тогтвортой өргөжих боломжтойг онцлон тэмдэглэлээ.
БНСУ-ЫН ЧОНБУК ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Боловсролын зээлийн сантай хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонбук их сургуулийн Олон улсын харилцааны албаны менежер Жон Сүён болон Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр нар уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Чонбук их сургуульд суралцаж буй 24 оюутны сургалтын явц, сурлагын амжилт, төлбөрийн мэдээлэл болон эдгээртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр зөвхөн бакалаврын түвшинд төдийгүй магистр, докторын зэрэгт оюутан элсүүлэх асуудал, мөн төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов. Уулзалт нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбар дахь түншлэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Ажлын албаны дарга О. Сийлэгмаагийн өгсөн ярилцлагуудыг хүргэж байна
Ugluu.mn: https://www.facebook.com/share/p/17Z9ERg1n5/ Livetv: https://livetv.mn/p/306421?fbclid=IwY2xjawJYjBRleHRuA2FlbQIxMQABHZegPagMZsDpe-8uOoFTUFMEpY81-cUujlNEwUNO0lbYQooAnZ8D_zwJIw_aem_-prl7SOXtoV2xF6JB8f2MA ubn: https://ubn.mn/p/79798 Үндэсний телевиз: https://www.facebook.com/share/v/1EmPtTCbNi/ Тэнгэр телевиз: https://www.facebook.com/share/v/1BXTyXqMXb/
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа Ажлын албаны дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Тус зөвлөл нь Боловсролын сайдын тушаалаар томилогддог ба Ажлын албаны дэргэд сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдон гарсан өргөдөл, гомдолд хариу өгөх чиг үүрэгтэй байна. Уулзалтаар Орон тооны бус зөвлөлийн ажиллах дүрэм, хурлын дэгийг шинэчлэн батлах, 2025-2026 оны хичээлийн жилд боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад зээл, тэтгэлгээр суралцагч нарыг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ил тод байдлыг ханган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Байнгын хорооны ажлын хэсэг оюутнуудтай уулзалт хийж, “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж байна
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал өнөөдөр (2025.03.24) МУИС, ШУТИС, МУБИС-ийн оюутан залуустай уулзалт хийж, тус сангийн журмын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Байнгын хорооны ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Дээрх сангийн журмыг шинэчлэх асуудлаар их, дээд сургуулийн оюутнууд, багш, мэргэжилтнүүдийн саналыг авах зорилготой уг хэлэлцүүлэгт Боловсролын зээлийн сангийн Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр, Сургалтын буцалтгүй тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг нар мэдээлэл өгөв. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.parliament.mn/nn/74332/
Боловсролын сайд П.Наранбаяр Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залуустай уулзав.
Чехийн талтай Боловсролын хэлэлцээрээ шинэчилж, Монголоос очих оюутан, багш нарын нөхцлийг сайжруулах, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөр илгээх оюутны тоог нэмэгдүүлэх талаар ахиц гаргалаа. Ерөнхийлөгчийн илгээлтээр 29 оюутан сурч байна. 8 нь жил хагасын өмнө ирээд өнөөдөр байгалийн ухааны чиглэлээр 1-р курсэд, үлдсэн 21 нь Карлийн их сургуульд хэлний бэлтгэлдээ сурч байна. Эдгээр оюутнууд ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
УНГАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ИРГЭДИЙН II ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 онд суралцах иргэдийн II шатны сонгон шалгаруулалтыг Боловсролын сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 10-наас 26-ны хооронд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Засгийн газрын “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх тухай” журам, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, Унгарын ЭСЯ-ны “Stipendium hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн болон ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын удирдамжийг баримтлан ажилласан болно. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэхээр Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ахлуулсан Засгийн газрын Хүний нөөцийн газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Тагнуулын ерөнхий газар, ШУТИС, Гадаадад төгсөгчдийн холбооны төлөөлөл бүхий 13 гишүүнтэй ажлын хэсэг ажиллав. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, энэхүү сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай. Энэ жилийн хувьд нийт 1011 иргэн хүсэлт өгснөөс эхний шатанд Унгарын ЭСЯ-наас баримт бичгийн буюу техникийн шалгаруулалт хийх зарчмаар шалгаж, Унгарын талаас техникийн шаардлага хангасан 909 иргэний мэдээллийг ажлын хэсэгт ирүүлсэн. Унгарын ЭСЯ-наас санал болгосон дээр дурдсан 909 иргэнийг голч дүн, суралцах мэргэжлийн чиглэл, гадаад хэлний түвшин, эсээ гэсэн дөрвөн үзүүлэлтээр үнэлж, гуравдугаар шатанд шалгарсан 400 иргэний мэдээллийг Унгарын тэтгэлгийн хорооноос тогтоосон хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус хороонд хүргүүллээ. Эдгээр иргэнтэй Унгарын тэтгэлгийн хорооноос холбогдох юм. Ажлын хэсэг голч дүнг бакалаврын түвшинд 40, ахисан түвшинд 30 оноогоор, мэргэжлийн чиглэлийг тэргүүлэх мэргэжилд 10, гэрээнд заасан мэргэжилд 9, тэргүүлэх бус мэргэжилд 8 оноогоор үнэлсэн. Гадаад хэлний түвшний хувьд IELTS, TOEFL-ийн оноог 20 хүртэлх оноонд дүйцүүлж, эсээнд 30 хүртэлх оноо өгч үнэлсэн бөгөөд нийт 100 хүртэлх оноогоор 909 иргэнийг жагсаасан болно. ЭЦСИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНД УНГАРЫН ТЭТГЭЛГИЙН ХОРООНООС НИЙТ 200 ХҮРТЭЛХ ИРГЭНД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БӨГӨӨД ШАЛГАРУУЛАЛТЫГ УНГАРЫН ТАЛААС ХАРИУЦАН ЗОХИОН БАЙГУУЛНА. II шатны сонгон шалгаруулалтын асуудлаарх санал хүсэлтийг Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Олон нийтийн зөвлөлд хандаж, scholarship@elf.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой.