2025.01.06-нд АНУ-н ЭСЯ-ны фулбрайт хөтөлбөрийн ажилтантай уулзалт зохион байгууллаа
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хоёр орны (АНУ, Монгол улс) хамтарсан Фулбрайтын Оюутны хөтөлбөр хариуцсан дэд дарга Сара Томпсон, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийт хамтын ажиллагааны ажилтан Х.Саруул нартай уулзсан. 2010 оноос Фулбрайтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 15 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хөтөлбөрөөр сүүлийн 3 жилд суралцагчдын тоо нэмэгдсэн, Монгол залуучуудыг дэлхийн боловсрол эзэмших боломж олгож, дэмжиж байгаад сангийн зүгээс талархал илэрхийлсэн. Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд бид гэрээнд шинэчлэлт оруулах тухай төслийн санал солилцсон. Энэ хүрээнд Фулбрайт хөтөлбөрөөр суралцаж буй магистрын түвшний оюутнууд мэргэжлээрээ ажиллах буюу дадлага хийх, хийсэн ажлын хөлсийг Фулбрайт хөтөлбөрийн болон сангаас олгох санхүүжилтээс суутгахгүй, мэргэжлээрээ дадлага хийхэд нь сан татгалзахгүй байх, хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг суралцагчдад зарцуулах боломжийн талаар ярилцсан. Мэргэжлээрээ дадлагаа хийх нөхцөлийн тухайд тодорхой хэмжээний тэтгэлэг авсан оюутнуудад тэтгэлгийн хязгаараас хамааруулан заавал сангаас тухай бүр зөвшөөрөл авахгүйгээр хөтөлбөр өөрөө зохицуулаад явах тухай санал солилцсон. 2024-2025 оны хичээлийн жилд суралцаж буй 2 иргэн мэргэжлээрээ дадлага хийхтэй холбоотой 700$-5000$ ажлын хөлсийг хөтөлбөрийн санхүүжилтээс суутгахгүй байхаар тохиролцсон. Цаашид хөтөлбөрт хамрагдах сургуулийн тоог нэмэгдүүлэх, Дэлхийн топ 100 сургуульд багтаагүй ч хөтөлбөрөөрөө мэргэшсэн сургуулиудыг хамруулах тухай саналыг солилцож, АНУ-ын талаас хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлахаар тохиролцлоо.
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд https://apply.stipendiumhungaricum.hu/ холбоосоор нэвтэрч материалаа илгээнэ үү.Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудас / https://stipendiumhungaricum.hu/…/Application_Guide… /-наас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцахыг хүсье.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ 2100 ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН НИЙТ СУРАЛЦАГЧДАД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ НЬ
Сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан сум, хороодоос шалгарсан шилдэг суралцагч та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2022 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Боловсролын сайдын 3 удаагийн тушаалаар 21 улсын дэлхийн шилдэг их сургууль, засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны гэрээтэй нийт 70 гаруй их сургуульд нийт 758 суралцагч суралцаж байгааг дуулгахад таатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч та бүхэнд итгэл хүлээлгэн боловсон хүчнээ бодлогоор бэлтгэх зорилгоор Монгол улсын хөгжлийн тэргүүлэх, эрэлттэй мэргэжлүүдээр сургалтын төлбөр, дотуур байр, амжиргааны зардлыг бүтэн олгож Боловсролын зээлийн сангийн түүхэнд анх удаагаа хэлний бэлтгэлээсээ эхлэн суралцах боломжийг олгоод байгаа билээ. Эх орныхоо татвар төлөгч ах, эгч нарынхаа хөлс хүчээр гадаадын дээд боловсролын байгууллагад суралцаж байгаа та бүхэн маань эрдэм номондоо хичээнгүйлэн суралцаж тухайн улсын хэл соёл, ёс заншил, сургуулийн дүрэм журмыг дагаж суралцахын сацуу хариуцлагаа ухамсарлан сургуулиа амжилттай төгсөн эх орондоо хүрэлцэн ирж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Боловсролын зээлийн сан нь Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоолуудын хүрээнд журамд заасан санхүүжилтийг гэрээний үүргийн биелэлт, суралцагчийн дүн, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн судлах хичээлүүдийн нэртэй задаргаатай нэхэмжлэхэд хяналт тавьж санхүүжилтийг олгодог санхүүгийн байгууллага юм. Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй бүх суралцагчтай манай сан Засгийн газрын 2022 оны 346, 2024 оны 102 тогтоолуудын хавсралтад заасан журмын дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нартай гурвалсан гэрээг байгуулж санхүүжилт олгож байна. Иймд өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан суралцагч та бол хуулийн этгээд болж байгаа юм. Суралцагч та бүхэн гэрээгээ дахин нэг уншиж танилцан, дараах нийтлэг үүргээ хэрэгжүүлэхийг сануулья. – Амжилттай суралцах – Дэвшин суралцах эрхээ авах – Сургууль, мэргэжлээ солихгүй байх – Гэрээнд заасан хугцаанд төгсөх -Тухайн улсын болон сургуулийн дүрэм, журам – Гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх – Сургуулиа амжилттай төгсөж ирээд аймаг нийслэлдээ мэргэжлээрээ 5 жил ажиллах гэх зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд санхүүжилт зогсоох, авсан бүх тэтгэлэгээ эргүүлэн төлөх эрсдэл үүсэхийг дахин анхааруулж байна. Чанартай боловсрол эзэмшиж Монгол улсынхаа нэрийг дэлхийд гарган орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэн танд амжилт хүсье. Дараах эрх зүйн актуудтай legalinfo.mn-ээс уншиж танилцана уу. 2022, 2023 онд гэрээ хийсэн суралцагчид 2024 оны хичээлийн жилээс эхлэн суралцаж буй суралцагчид 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолын хавсралт 1 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 тогтоол 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Журам шинэчлэн батлах тухай” 72 дугаар тогтоолын хавсралт “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-тай мөн танилцаж мэдээлэл авна уу.
Ажлын албаны дарга О.Сийлэгмаа Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричардас Шлепавичус, Литва улсын өргөмжит консул Д.Сайнбаяр нартай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричардас Шлепавичус, Литва улсын өргөмжит консул Д.Сайнбаяр нарыг хүлээн авч уулзаж, цаашид Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Литва улсын их, дээд сургуулиуд болон Монгол улсаас сургах оюутнуудын тоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцов. Тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оны намраас эхлэн Литва улсад оюутан суралцаж эхэлсэн бөгөөд 2024 онд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан таван оюутан агаарын тээврийн инженер, электроник, үйлдвэрлэлийн инженер, мэдээллийн технологийн мэргэжлээр Литва улсын гурван их сургуульд суралцаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 сарын 26-ны өдөр зохион байгуулагдах бэлтгэл хөтөлбөрийн оюутнуудтай хийх уулзалт дээр Литва улсын Өргөмжит консул Д.Сайнбаяр оролцож, Боловсролын зээлийн сантай хамтын ажиллагаатай Литвийн их сургуулиудын тухай танилцуулга, суралцах боломжтой мэргэжлийн чиглэлүүд, сургалтын агуулгыг танилцуулахаар боллоо.
БНЭУ-ын Lovely Professional University -ийн Захирал Нитеш Махажантай уулзалт зохион байгууллаа.
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр сантай хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Энэтхэг улсын Lovely Professional University-ийн захирал Нитеш Махажан, Монгол дахь суурин төлөөлөгч Ф.Баатарсүх нарыг хүлээн авч уулзаж, цаашид Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас сургах оюутнуудын тоог хэрхэн нэмэгдүүлэх, БНЭУ-д суралцаж буй суралцагчдад учирч буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав. Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 сарын 26-ны өдөр зохион байгуулагдах бэлтгэл хөтөлбөрийн оюутнуудтай уулзах уулзалт дээр БНЭУ-ын LPU сургуулийн танилцуулга, эзэмшүүлж буй мэргэжил, сургалтын агуулгыг танилцуулахаар тохиролцов.
Санд диплом нь хадгалагдаж байгаа төгсөгчдийн анхааралд
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1998-2016 онд суралцаж төгссөн зээлийн барьцаанд диплом нь хадгалагдаж байгаа, зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. ХЭРЭВ ТА: 1. 2004-2007 онд дипломын болон бакалаврын боловсрол эзэмшиж Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолын шалгуур Диплом олголт – Боловсролын зээлийн сан (https://elf.gov.mn/диплом-олголт) хангасан бол зээлээс чөлөөлөгдөх боломжтой. 2. Зээлээс чөлөөлөгдөх шалгуур хангасан бол баримт материалыг бүрдүүлэн ирж дипломоо авна уу. 3. Та зээлийн мэдээллээ регистрийн дугаараараа Боловсролын зээлийн сангийн цахим хуудасны дипломын лавлагаа хэсгээс харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70047009-1101, 1102
2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 338 хүүхдийн нэрсийг зарлалаа
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө. Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99889379 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу. 338 Хүүхдийн нэрс энд дарж харна уу. Эх сурвалж: https://president.mn/30935/
Ерөнхийлөгчийн Илгээлт-2100
Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 Өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 245 залуу дэлхийн 17 улсыг зорин нисэж байна. Шинэ зууны илгээлтийн эзэд Та бүхэн эрдэм номдоо шамдан суралцаад, эх орноо хөгжүүлэх эрхэм зорилгоо биелүүлэхээр оюуны ганзага дүүрэн эргэн ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Аян замдаа сайн яваарай