Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.   ХАМРАХ ХҮРЭЭ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.   СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ: Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ.   ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.   Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг https://www.meds.gov.mn/post/115744 холбоосоор авна уу. Оюутан, залуустаа амжилт хүсье.   Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/115744

Монгол, францын засгийн газар хоорондын 2022-2023 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистрын түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 22 Тэтгэлгийн зорилго: • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх; • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх; • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; Тэтгэлэг олгох чиглэл: • Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/ • Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно. Тавигдах шаардлага: • Монгол Улсын иргэн байх; • Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх; Өмнө нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй байх. Англи хэлний мэдлэг: • TOEFL-ын 40-өөс доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна. Франц хэлний мэдлэг: • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL–н B2 түвшин • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) • TCF–н диплом B2-оос дээш болон нэмэлт шалгалтын диплом • Хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу. Бүрдүүлэх баримт бичиг: • Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/; • CV буюу товч намтар; • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эсээ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/; • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт; • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт. Францын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914 • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн ректорын тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал; • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь/ бүрдүүлнэ. 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ДОТОР дараах хаягаар Францын Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15 Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө. Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй. Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулах ба бичиг баримтыг  БШУЯ болон Францын ЭСЯ-ны хамтарсан хороо 2022 оны 5 дугаар сарын 1-10-ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан иргэдэд 2022 оны 5- дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ. Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ. • Угтуулан тосох үйлчилгээ авах, • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх, • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрын зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах, • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах, • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах, • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрын төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх, • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх, • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх. Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Холбоо барих : Нэмэлт мэдээллийн талаар Францын Элчин сайдын яам Соёл, хамтын ажиллагааны хэлтэс Хатагтай Тогтохын Төрням Утас: 11-324519 Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr Мөн, Монгол дахь Кампус Франс Фэйсбүүк хуудас: Campus France en Mongolie Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу.  Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Франц улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой. ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) – Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr  ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД – Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаарх чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr  КАМПУС ФРАНС – Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/115574

Бельгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

DUO-Бельги / Валлония-Брюсселийн тэтгэлэгт хөтөлбөрт  /DUO-Belgium/Wallonia-Brussels/ 2022 оны 2-р сарын 14-өөс 2022 оны 4-р сарын 28 хүртэл бүртгүүлэх боломжтой болсныг мэдэгдэхэд таатай байна. DUO-Бельги/Валониа-Брюссель хөтөлбөрийг Бельги/Валониа-Брюссель болон Азийн АСЕМ-ын гишүүн орнуудын хооронд профессор/судлаачдын солилцоог дэмжих зорилгоор Судалгаа, Дээд Боловсролын Академи (ARES) удирдан явуулдаг. DUO-Бельги/Валлониа-Брюссельд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Азийн их сургуулийн профессорууд/судлаачид Бельги/Валониа-Брюссельтэй солилцоо хийх санхүүгийн дэмжлэг авах боломжтой. DUO-Бельги/Валлониа-Брюссель 2022 хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй лавлах бол дараах хавсралтаас авна уу. 1. DUO-Бельги/Валониа-Брюссель 2022 Ерөнхий тайлбар 2. DUO-Бельги/Валониа-Брюссель 2022 Өргөдлийн маягт Мөн та DUO-Бельги/Валлониа-Брюсселийн тэтгэлэгт хамрагдахтай холбоотой мэдээллийг ARES-ийн вэб сайтаас https://www.ares-ac.be/en/relations-internationales/asem-duo-grant эсвэл ASEM-DUO-ийн Нарийн бичгийн дарга нарын газар http://www.asemduo.org  вэбсайтаас авах боломжтой. Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/114770

Австралийн тэтгэлгийн 2023 оны цахим бүртгэл эхэллээ

Австралийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог. Хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ. Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсаас авна уу. Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагсад Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог. Эх сурвалж: www.australiaawardsmongolia.org

Энэтхэгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн 2022-2023 оны тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрөөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр баклавр, мастер, доктор, докторын дараах зэргийн сургалтад хамрагдах боломжтой. Насны хязгаар: 18-30 нас /докторын хөтөлбөрт 45 нас/ Шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх Давуу тал: Жилийн тэтгэлэг, сургалтын төлбөр, байр, сарын стипенд, визний зардал зэрэг багтана. Хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 30 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://eoi.gov.in/ulaanbaatar/ Эх сурвалж: https://eoi.gov.in/ulaanbaatar/

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт эхний 428 хүүхэд шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр хэрэгжиж байна.           Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн оюутан, сурагчид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлаж байна. Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулсны дараа зарлана. Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулийн БШУЯ-ны баталсан бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид ЭЕШ-ын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.          Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн болзол хангасан байдлаас хамааран аль улсад ямар мэргэжлээр суралцах нь хамаарна. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр дагуу зарлагддаг тэтгэлгийн болзлыг хангах, сонгон шалгаруулалтад тэнцэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг олгох болно. БШУ-ы сайдын тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд ЕТГ, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, нийслэлийн Боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумын төлөөллөөс гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ийн тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“БОЛОВСРОЛ-100 ЖИЛ” СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын дунд 2021 оны 11-р сарын 19-21-ний өдрүүдэд “Боловсрол 100 жил” сэдэвт спортын тэмцээн зохион байгуулагдаж, Боловсролын зээлийн сангийн баг тамирчид төрөл тус бүрт амжилттай оролцлоо. “Гар бөмбөг”-ийн төрөлд Эрэгтэй багийн тамирчид IV байр Эмэгтэй багийн тамирчид I байр, алтан медаль “Сагс бөмбөг 3×3”-ын төрөлд Эмэгтэй багийн тамирчид III байр, хүрэл медаль  “Ширээний теннис”-ийн төрөлд Эрэгтэй Д.Оюунбат III байр, хүрэл медаль Эмэгтэй Д.Энх-амгалан II байр, мөнгөн медаль Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид болон хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.    

АНУ-ын шилдэг их сургуулиудыг төлөөлөн ажилладаг  U.S News and Global Education байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт 2021 оны 06 сарын 09нд гарын үсэг зурлаа.

      Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын төлөөлөн ажилладаг АНУ-ын шилдэг их дээд сургуульд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад дараах боломж, давуу тал бий болох юм.       Албан ёсны IELTS, IBT шалгалт өгөөд өндөр оноо авч чаддаггүй тул суралцах хүсэлтэй сургуулийнхаа англи хэлний шалгуурт нийцдэггүй, шалгалтын 200$ төлж шалгалтад орох боломжгүй төлбөрийн чадвар муутай оюутнуудад Itep, Duolingo, Versant шалгалтуудыг цахимаар үнэ төлбөргүй өгөх, англи хэлний шалгуурт нийцэх АНУ-ын сургуулиудын элсэлтийн шалгалт SAT/ACT шалгалт өгөхгүй шалгуурт нийцэх Бакалаврын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 6,000-30,000$- тэтгэлэгт хамрагдах Магистрын оюутнууд тухайн суралцаж байгаа сургуулиасаа 000-5.000$ тэтгэлэгт хамрагдах Сургуульд элсэх өргөдөл, бүртгэлийн хураамж төлөхгүй Тодорхойлолт, эссэ, бичгийн материал шаардахгүй 120 гаруй томоохон компаниудад цалинтай дадлагын ажил хийх боломжтой Хэлний чадвар муутай суралцагчид хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаад үндсэн мэргэжлийн ангидаа элсэн орох Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын дараах их сургуулиудын бакалавр, магистрын хөтөлбөрт оюутнууд элсэн орох боломжтой.  Үүнд: University of Utah University of Illinois at Chicago University of the Pacific University of Kansas Cleveland State University University of Massachusetts Boston University of South Carolina Adelphi University Gonzaga University Auburn University American University University of Dayton Louisiana State University University of Mississippi Auburn University of Montgomery

Боловсрол, шинжлэх ухааны яам ” МЭДЭГДЭЛ “

          Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрнтур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар тусгагдсан байдаг болно. ​2022-2023 оны хичээлийн жилд гадаадад оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээлэл, цахим орчинд “гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө” гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдол гарч байна. ​          Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдтэй адил хийгдсээр байна. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно. ​          Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадад суралцуулах чиглэлээр зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл мөн гарч байсан. Тус яамнаас дээрх үйл ажиллагаатай холбогдуулан зуучлалын эрхийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгоогүй бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс аливаа төлбөр, хураамж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.    

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна          ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/103384 холбоосоор үзнэ үү. Эх сурвалж:  | Боловсрол, шинжлэх ухааны яам. (meds.gov.mn)