Боловсролын зээлийн сан “Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэнд оролцож байна
“Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Боловсролын зээлийн сан албан ёсоор оролцож, иргэд, суралцагчдад боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө хүргэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Боловсролын зээлийн сангаас дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч байна. Үүнд: Гадаад зээл, тэтгэлэг Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлэг болон хөнгөлөлттэй зээлээр суралцах боломж, тавигдах шалгуур, шаардлагын талаар; Буцалтгүй тусламж, тэтгэлэг Дотоодын их, дээд сургуулийн суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах нөхцөлийн талаар; Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн талаарх цогц мэдээлэл. Мэдээлэл, зөвлөгөөг 2026 оны 4 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд үзэсгэлэнгийн талбайд хүргэх тул иргэд, суралцагч та бүхэн хүрэлцэн ирж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ нээлттэй авах боломжтой.
Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна.
Боловсролын зээлийн сан-гийн Ажлын албаны дарга иргэдтэй биечлэн уулзалт зохион байгуулж, зээл, тэтгэлэг болон эргэн төлөлттэй холбоотой асуудлуудыг сонсож, санал солилцлоо. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултад тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас авах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн удирдлагатай нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь үр дүнтэй болсныг онцоллоо. Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэйг тэмдэглээд, цаашид ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа мэдэгдэв.