Гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын санал авч байна
Гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох талаар Боловсролын сайдад хүргүүлэх санал боловсруулахтай холбогдуулан санал авч байна. Боловсролын зээлийн сан нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, эргэн төлүүлэх журам”-ын 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчдын 2026–2027 оны хичээлийн жилийн дотуур байрны төлбөр, хүнсний зардлын хэмжээг шинэчлэн тогтоох саналыг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлж, батлуулахаар ажиллаж байна. 2025–2026 оны хичээлийн жилд мөрдсөн хэмжээнээс зарим улсын дотуур байрны бодит төлбөр давсан, улмаар суралцагчдад төлбөрийн зөрүү үүсэх, байрны гэрээ цуцлагдах, алданги тооцогдох зэрэг хүндрэл гарсан талаар өргөдөл, гомдол ирүүлсэнтэй холбоотойгоор холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн зардлын хэмжээг шинэчлэх шаардлага үүссэн. Тэтгэлгээр суралцагчид болон иргэд та бүхнийг тушаалын төсөл болон холбогдох судалгаатай танилцаж, 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар санал асуулгад хамрагдахыг урьж байна.Та ЭНД дарж санал өгнө үү.
ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/203, А/204 дүгээр тушаалын дагуу Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцахаар шалгарсан суралцагчидтай гэрээ байгуулах үйл явцын талаарх мэдээлэл хүргэж байна. Хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын явцын мэдээтэй ЭНД дарж танилцана уу. Буцалтгүй тусламжаар суралцагчдын явцын мэдээтэй ЭНД дарж танилцана уу. Боловсролын зээлийн сан нь үйл явцын мэдээллийг тухай бүр шинэчлэн хүргэнэ.
Гадаадын боловсролын сургалтын байгууллагад бакалаврын түвшинд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн хүсэлтийн баримт бичгийн хяналт хийгдлээ.
Гадаадын боловсролын сургалтын байгууллагад бакалаврын түвшинд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн хүсэлтийн баримт бичгийн хяналт хийгдлээ. Баримт бичгийн хяналтын мэдээллийг Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн болохыг мэдэгдэж байна. Иргэд, суралцагчид та бүхэн холбогдох мэдээлэлтэй танилцана уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ АЖЛЫН ХЭСЭГТ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ Гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр болон буцалтгүй тусламжаар суралцах иргэдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг сонгон шалгаруулалтын холбогдох ажлын хэсэг хүлээн авч шийдвэрлэнэ. Өргөдөл, гомдол дараах хэлбэрээр хүлээн авна: Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13:00 цаг хүртэл. Анхаарах зүйл: Өргөдөл, гомдлыг батлагдсан маягтын дагуу гаргана. Өргөдлийн маягтыг Боловсролын зээлийн сангийн цахим хуудас болон сонгон шалгаруулалтын мэдээллийн хэсгээс татан авч ашиглана. Өргөдөл, гомдолд овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон асуудлын агуулга, шийдвэрлүүлэх хүсэлтээ тодорхой тусгана. Өргөдөл, гомдлыг ажлын хэсэг тухай бүр хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэнэ. Хугацаа дууссанаас хойш ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авахгүй. Өргөдлийн маягтыг дараах холбоосоор татан авна уу: Өргөдлийн маягт
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСЛАА
Гадаадын боловсролын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулалтын бүртгэл, материал хүлээн авах хугацаа 2026 оны 5 дугаар сарын 30-ны 9:00 цагаас эхэлж 2026 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 9:00 цаг хүртэл үргэлжилж, бүртгэл хаагдсаныг мэдэгдэж байна. Ирүүлсэн хүсэлт, материалыг холбогдох журам, удирдамжийн дагуу хянаж, дараагийн шатны мэдээллийг Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын албан ёсны цахим хуудас болон сошиал хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх болно. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нийт иргэд, суралцагчдадаа амжилт хүсье. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Боловсролын зээлийн сангийн Ажлын албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, 2026–2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд суралцахаар бэлтгэж буй 300 гаруй суралцагчдад зориулсан чиглүүлэх уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн журам, цахим гэрээ байгуулах үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт зэрэг асуудлаар нэгдсэн мэдээлэл өгч, цаашдын суралцах үйл явцад шаардлагатай зөвлөгөө, чиглэл хүргэв. Арга хэмжээг Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн нээж, “Монголын ирээдүйн хүмүүн капитал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ дэлхийн түвшний боловсрол эзэмшихээр зорин суралцаж буй залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах хариуцлагатай иргэн, ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга С.Анхбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өгч, Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх цахим гэрээ байгуулах системийг ашиглах заавар, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Чиглүүлэх уулзалтын үр дүнд оролцогчид тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, өөрсдийн эрх, үүрэг, санхүүжилт авахтай холбоотой үйл ажиллагааны дараалал болон цахим гэрээ байгуулах журмын талаар нэгдсэн ойлголттой болж, гадаадад суралцах хугацаандаа мөрдөх хариуцлага, үнэт зүйлсийн талаар мэдээлэл авлаа. Боловсролын зээлийн сан нь Монгол Улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон улсын түвшинд суралцахаар шалгарсан суралцагчдад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө хүргэх, тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.