
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК болон Боловсролын зээлийн сан хамтран 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт “Боловсрол – Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” мега төслийн хүрээнд шаардлагатай мэргэжилтэн, хүний нөөцийг дотоодоос бэлтгэх, ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэхэд боловсролын төрөөс олгож буй санхүүжилтийн боломжийг үйлдвэрийн ажилчдад хүргэх зорилготой байв.
Арга хэмжээнд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд өргөнөөр оролцож, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аван, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өдөрлөгийн үеэр Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Д.Баярбилэг үйлдвэрийн үйл ажиллагаа болон хүний нөөцийн хэрэгцээ, ирээдүйн хөгжил, ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх шаардлагын талаар танилцуулсан бол Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа сангийн үйл ажиллагаа, алсын харааны талаар мэдээлэл өглөө.
Мөн Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр гадаадын их, дээд сургуульд суралцах боломж болон зээл, тэтгэлгийн талаар, Сургалтын буцалтгүй тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Г.Март дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн буцалтгүй тусламж, тэтгэлгийн талаар тус тус танилцуулга хийв. Түүнчлэн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Баянмөнх “Боломж ба шийдэл” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулсан юм.