Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын төлөөлөгчид Солонгос Улсад ажиллаж байна. Солонгосын хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан байгууллага (HRDKorea), Ур чадварын шилжилт хариуцсан Глобал институтээс (GIFTS) Хөгжиж буй орнуудад зориулсан Солонгосын ур чадварыг шилжүүлэх хөтөлбөрийн удирдлагатай уулзан үйл ажиллагаатай нь танилцлаа. Мөн тус улсын үндэсний 58 дахь ур чадварын тэмцээний нээлтэд оролцож тэмцээний явцтай танилцав.
Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Солонгосын Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан байгууллага (HRDKorea)-н удирдлагуудтай уулзлаа. Энэ еэр Монголын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын үйл ажиллагаа болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шаардагдах мэргэжилтэй, чадварлаг, ур чадвар бүхий ажилтан бэлтгэхэд дотоодын ур чадварын тэмцээний ач холбогдол үр дүнг хэлж түүнийг өргөжүүлэх, дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдэхэд хамтран ажиллах хүсэлт гаргалаа.
Мөн 2015 оноос хойш манай улсын дэлхийн ур чадварын тэмцээнд бэлтгэж буй залуучууд, эксперт багш нарт дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулан, дадлага хийлгэж байгаад туйлын их талархаж байгаагаа илэрхийллээ. Солонгосын хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан (HRDKorea) байгууллагаас Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж, дэмжинэ гэдгээ онцоллоо.
Солонгосын Үндэсний 58 дахь удаагийн ур чадварын тэмцээн 2023 Чүнчоннам мужид зохион байгуулагдаж, 17 муж, хотын 1691 оролцогч, 50 мэргэжлийн төрлөөр өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг дэлхийн болон үндэсний томоохон 28 компани ивээн тэтгэж, мөн Монгол улсын тогоочийн эксперт багш зочин шүүгчээр оролцож, “Монгол үндэсний хоол” сэдвээр 30 гаруй багш, 250 орчим оролцогчдод танилцуулга хийлээ.