Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 34432 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн. Тэдний 92,6 хувь нь шалгалтандаа оролцжээ. Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олон суралцагч сонгосон бол газар зүй, орос хэлний шалгалтад хамгийн цөөн сурагч оролцсон байна.
Шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна. Энэ нь өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлттэй ойролцоо гэсэн үг юм.
Олон улсын шалгалтын оноог 2020 суралцагч дүйцүүлэн тооцуулсан. Олон улсын дүн оноогоо дүйцүүлэх суралцагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Оноо дүйцүүлсэн суралцагчдын дийлэнх нь төрийн өмчийн сургуулийн суралцагч байна.
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг WWW.EEC.MN болон E-MONGOLIA.MN цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулна. Дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил буюу 31 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
2023 оны 06 дугаар сарын 15-аас өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй өргөдөл ирсний 100 өргөдлийн хариуг шийдвэрлэсэн байна. Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээн авна.
ЭЕШ нь дотоодын их дээд сургуульд элсэн суралцах суурь үзүүлэлт болдог. Түүнээс биш Ерөнхий боловсролын сургууль, сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварыг үнэлэх аргачлал болохгүй юм. Өөрөөр хэлбэл БҮТ болон БШУЯ-наас ЭЕШ-ын оноогоор аймаг дүүргийн эрэмбийг албан ёсоор гаргадаггүй болно.