Боловсролын зээлийн сан “Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэнд оролцож байна

“Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Боловсролын зээлийн сан албан ёсоор оролцож, иргэд, суралцагчдад боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө хүргэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Боловсролын зээлийн сангаас дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч байна. Үүнд: Гадаад зээл, тэтгэлэг Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлэг болон хөнгөлөлттэй зээлээр суралцах боломж, тавигдах шалгуур, шаардлагын талаар; Буцалтгүй тусламж, тэтгэлэг Дотоодын их, дээд сургуулийн суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах нөхцөлийн талаар; Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн талаарх цогц мэдээлэл. Мэдээлэл, зөвлөгөөг 2026 оны 4 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд үзэсгэлэнгийн талбайд хүргэх тул иргэд, суралцагч та бүхэн хүрэлцэн ирж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ нээлттэй авах боломжтой.

Ажлын албаны дарга иргэдийг хүлээн авч уулзалт хийж байна.

Боловсролын зээлийн сан-гийн Ажлын албаны дарга иргэдтэй биечлэн уулзалт зохион байгуулж, зээл, тэтгэлэг болон эргэн төлөлттэй холбоотой асуудлуудыг сонсож, санал солилцлоо. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултад тодорхой, ойлгомжтой хариулт авч, шаардлагатай мэдээллээ шууд эх сурвалжаас авах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн удирдлагатай нүүр тулан уулзаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь үр дүнтэй болсныг онцоллоо. Ажлын албаны дарга иргэдийн гаргасан санал, шүүмжлэл нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэйг тэмдэглээд, цаашид ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж буйгаа мэдэгдэв.

Уулзалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцаж тус сангийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар сайдад танилцуулж харилцан санал солилцож 4 багц асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

БЗС-ийн ажлын албаны даргын зөвлөл хуралдав

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болов. Хурлаар Боловсролын яамны шуурхайд танилцуулсан мэдээлэл, БЗС-ийн гадаад зээлийн гэрээний талаарх ажлын хэсгийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна. Хурлын төгсгөлд гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, холбогдох нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Уулзалт хийлээ

2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын зээлийн сан-гийн ажлын албаны дарга М.Төртогтох, мэргэжилтэн Э.Отгоншагай нар Lovely Professional University-ийн захирал Nitesh Mahajan-тай албан уулзалт хийв.Lovely Professional University нь Punjab муж-д байрлах Энэтхэгийн их сургууль бөгөөд одоогоор тус сургуульд Монгол Улсаас 12 оюутан амжилттай суралцаж байна. Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн бэлтгэл шатанд суралцаж буй оюутнуудтай уулзаж, сургуулийн давуу тал, боломжуудын талаар танилцуулга хийх зорилготой байгаагаа илэрхийлэв.Уулзалтын үеэр талууд Монгол Улсаас Энэтхэг Улсад багш нарын богино хугацааны сургалт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Nitesh Mahajan цаашид уг чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.

Боловсрол 2026 экспо

ОРХОН АЙМАГ (Эрдэнэт хот) БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ Орхон аймгийн Боловсролын газрын зохион байгуулсан “Боловсролын өдөрлөг” арга хэмжээнд амжилттай оролцлоо. Энэхүү өдөрлөг нь залуусын ирээдүйн сонголт, боловсролын чиг баримжааг тодорхойлох чухал алхам болж, дотоод, гадаадын их, дээд сургуулиудын боломж, Боловсролын зээлийн сангийн үйлчилгээ, бодлого, дэмжлэгийг нэг дороос ойлгох өргөн боломжийг бүрдүүллээ. Хүрэлцэн ирсэн нийт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон их, дээд сургуулийн төлөөлөл та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний идэвхтэй оролцоо, сонирхол нь Монгол Улсын ирээдүйн боловсролтой, чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Боловсрол 2026 экспо

БУЛГАН АЙМАГТ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “Булганы сэргэлт-2026” боловсролын экспо арга хэмжээ Булган аймагт амжилттай зохион байгуулагдаж, Боловсролын зээлийн сан идэвхтэй оролцлоо. Тус арга хэмжээнд нийт 600 орчим сурагч, эцэг эх, асран хамгаалагчид, багш, удирдлагууд болон их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдод боловсролын зээлийн сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусын өмнө нээлттэй боломжууд байгааг таниулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Мөн арга хэмжээний үеэр сурагчдад өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргавал боловсрол эзэмших боломж, дэмжлэгийн талаар ойлголт өгч, ирээдүйн боловсролын төлөвлөлтөд нь бодит чиг баримжаа олгосон ач холбогдолтой байв. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа цаашид үргэлжилж, дараагийн уулзалт Эрдэнэт хотод зохион байгуулагдах бөгөөд 800 гаруй сурагчидтай уулзаж, мэдээлэл хүргэхээр төлөвлөж байна.

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг боловсролын салбарыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарын хамгийн том арга хэмжээ болох “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2026” үзэсгэлэн 16 дахь удаагаа “МИШЭЭЛ ЭКСПО” олон улсын үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн хүрээнд боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, салбарын хөгжлийн өнөөгийн түвшинг олон нийтэд таниулах, ирээдүйн боловсролын чиг хандлагыг тодорхойлох, сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд Боловсролын зээлийн сан (БЗС) оролцож: Оюутны хөгжлийн зээл Тэтгэлэгт хөтөлбөрүүд Санхүүгийн дэмжлэгийн боломжууд Холбогдох журам, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана. Үзэсгэлэнд 60 гаруй их, дээд сургуулиуд оролцож, элсэлтийн мэдээлэл, сургалтын хөтөлбөр, тэтгэлгийн боломжийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирж, сургуулиуд болон БЗС-тай биечлэн уулзан мэргэжил, боловсролын зөв сонголт хийхийг урьж байна. ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД: Салбар хариуцсан төрийн байгууллагууд Улсын их, дээд сургуулиуд Коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвүүд Олон улсын сургалтын төв, зуучлалын байгууллагууд

Боловсрол 2026 экспо

ТӨВ АЙМАГТ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН Бид аяллаа үргэлжлүүлсээр дөрөв дэх аймагтаа хүрэлцэн ирлээ! 1500 гаруй сурагчид, эцэг эх, асран хамгаалагчидтайгаа уулзан, дотоод гадаадын 90 орчим их, дээд сургууль, боловсролын байгууллагууд нэгдэж, ирээдүйгээ тодорхойлох чухал боломжийг хүүхэд, залуучууддаа нээж байна. Мэдээлэлтэй байвал боломж ойрхон Боломжийг ашиглавал ирээдүй тод Боловсрол 2026 экспог Төв аймгийн Засаг дарга, ЗДТГ, Боловсролын газар зохион байгуулж урилга ирүүлсэнд талархаж байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6000 гаруй хүүхдийн оролцоог хангасан гадаад дотоодын 90 орчим их, дээд сургууль, боловсролын байгууллагууд оролцсон БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГТ оролцлоо. Манай байгууллагын мэдээлэл МОНГОЛ ОРОН ДАЯАР явагдаж байгаа тул хүүхэд, залуучууд өргөнөөр оролцоорой! БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ, ТА АЛДАЖ БОЛОХГҮЙ! Амжилт гэдэг санамсаргүй олддог зүйл биш, харин мэдээлэлтэй, зорилготой, тууштай алхсан хүний гар дээр ирдэг үр дүн юм. Өнөөдөр сонссон нэг зөв мэдээлэл маргааш таны амьдралын чиглэлийг өөрчилж чадна. Сонголтоо хийхдээ бусдыг дагах биш, өөрийн мөрөөдөл, чадвар, хүсэлдээ тулгуурлаарай. Боломжийг хүлээх биш, өөрөө хайж, ашиглаж чаддаг хүн л ирээдүйгээ бүтээдэг. Боловсрол бол зүгээр нэг диплом биш — энэ бол таны үнэ цэнэ, таны эрх чөлөө, таны ирээдүйн баталгаа юм. Ирээдүйгээ өнөөдрөөс эхэл. Шийдвэрээ ухаалгаар гарга. Боломжийг бүү алд. Хүүхдүүддээ боломжийг атгуулж байгаа Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар болон ЗДТГ, Боловсролын хэлтсийн хамт олонд баярлалаа.