ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗАВ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Монгол Улсын өнцөг булан бүрээс элсэлтийн шалгалтаараа тэргүүлсэн шилдэг сурагчид журмын дагуу нэг жилийн хугацаанд бэлтгэл хөтөлбөрт хамрагдан Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Монгол Улсын Их Сургуульд суралцаж байна. Өнөөдөр хөтөлбөрт шалгарсан сурагчидтай Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга М.Төртогтох, Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга С.Анхбаяр нар уулзаж, холбогдох журам, гадаадын их, дээд сургуулиудын онцлог, суралцах сэтгэл зүй, гэрээний нөхцөлийн талаар ерөнхий мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Эдгээр сурагчид нь зөвхөн сурлагын амжилтаараа ялгарсан төдийгүй Монгол Улсын ирээдүйн хөгжилд манлайлах шинэ үеийн төлөөлөл юм. Тэд мэдлэг боловсрол эзэмшихдээ зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, эх орныхоо ирээдүйн төлөө суралцаж буйгаа үргэлж ухамсарлах нь чухал болохыг онцлов. Гадаад улсад суралцах нь шинэ орчин, соёл, сорилтуудтай нүүр тулах шаардлагатай амаргүй зам хэдий ч хувь хүний хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон боломжийг бий болгодог. Иймд аливаа бэрхшээл, сорилтын үед зорилгоо санаж, эх орныхоо итгэлийг эрхэмлэн, тууштай урагшлахыг зөвлөлөө. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдсан сурагчид нь ирээдүйд судлаач, инженер, бодлого тодорхойлогч, олон улсын хэмжээний мэргэжилтэн болж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөг
“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөгт Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олны урилгаар оролцож, Боловсролын зээлийн сангийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажлын албаны дарга М.Төртогтох танилцууллаа.Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад дээд боловсрол эзэмших боломж, санхүүгийн дэмжлэгийн талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой зохион байгуулагдсан юм.Өдөрлөгт нийт 500 орчим сурагч, эцэг эх, асран хамгаалагчид оролцож, Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж, тэтгэлэг, зээл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг олон талт мэдээллийг сонирхон сонсож, идэвхтэй оролцлоо.Мөн оролцогчдын зүгээс гаргасан асуултад тус сангийн мэргэжилтэнүүд хариулж, сурагчид ирээдүйн мэргэжил сонголт болон боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаар бодит ойлголт, зөв мэдээлэл авах боломж бүрдсэн үр дүнтэй өдөрлөг боллоо.Ийнхүү тус өдөрлөг нь сурагчид болон эцэг эхчүүдэд боловсролын боломж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл түгээж, ирээдүйн боловсролын зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Онлайн сургалт зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдад зориулсан Боловсролын зээлийн сан-гийн үйл ажиллагаа, дотоод болон гадаадын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар нэгдсэн мэдээлэл олгох онлайн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох үг хэлэн, Боловсролын зээлийн сангийн үндсэн чиг үүрэг, их, дээд сургуульд суралцагчдад олгодог санхүүгийн дэмжлэгийн төрөл, хамрах хүрээ, мөн зээл, тэтгэлэг олгохтой холбоотой мөрдөгдөж буй журам, шалгуур нөхцөлийн талаар танилцууллаа. Сургалтын хүрээнд дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг, гадаадын зээл, тэтгэлгийн талаар ахлах мэргэжилтэн М.Шинэцэцэг нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод зээл, тэтгэлэгт хамрагдах шат дараалал, материал бүрдүүлэлт, хариуцлага, буцаан төлөлтийн зохицуулалт, мөн буцалтгүй тусламжийн онцлог давуу тал зэрэг практик ач холбогдол бүхий мэдээллийг жишээтэйгээр тайлбарлан хүргэлээ. Уулзалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын зүгээс тавьсан асуултуудад дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулт өгч, уг сургалт нь үр дүнтэй, бодит хэрэгцээнд нийцсэн болохыг оролцогчид онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн нийт суралцагчид болон эцэг эхчүүдийн дунд өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, хамтарсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар харилцан тохиролцов.