
Боловсролын зээлийн сантай хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонбук их сургуулийн Олон улсын харилцааны албаны менежер Жон Сүён болон Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Сургалтын зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга Б.Гантөмөр нар уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Чонбук их сургуульд суралцаж буй 24 оюутны сургалтын явц, сурлагын амжилт, төлбөрийн мэдээлэл болон эдгээртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр зөвхөн бакалаврын түвшинд төдийгүй магистр, докторын зэрэгт оюутан элсүүлэх асуудал, мөн төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
Уулзалт нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбар дахь түншлэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.