
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа дээд боловсролын тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлд орсон “Ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл” хөтөлбөрөөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд 2.5 жилийн хугацаанд суралцах бөгөөд цаашид орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдад сайдын нэрэмжит тэтгэлгийг олгож, гэрээний хэрэгжилтэд Боловсролын зээлийн сан хяналт тавьж ажиллахаар санамж бичгийг байгууллаа.
Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Өнгөрсөн наймдугаар сард салбарын сайд Э.Бат-Амгалан барилгын салбар болон нийтийн аж ахуйн төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр тэдний зүгээс боловсон хүчин дутагдалтай байгаа талаар ярьсан. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой” гэдгийг онцлоод салбарын ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.
