
2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Боловсролын зээлийн сан хамтран “Боловсрол – Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Арга хэмжээнд тус сургуулийн багш, ажилтан, оюутан болон Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдын төлөөлөл өргөнөөр оролцсон юм.
Өдөрлөгийн эхэнд Дарханд баригдахаар төлөвлөгдөж буй металлургийн цогцолбор төслийн зорилго, ач холбогдол, хүний нөөцийн урт хугацааны хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд энэхүү төсөл нь орон нутгийн хөгжлийг дэмжих томоохон хүчин зүйл болохыг онцоллоо.
Үүний дараа ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн үр өгөөж, оюутны хөгжлийг дэмжих орчны талаар танилцуулга хийсэн юм.
Арга хэмжээний гол хэсэгт оролцогчдод сургалтын буцалтгүй тусламж, дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл болзол, бүрдүүлэх материал, цахим системээр мэдээлэл авах боломжууд зэрэг боловсролын санхүүжилтийн талаарх цогц мэдээллийг танилцуулсан.