Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хоёр орны (АНУ, Монгол улс) хамтарсан Фулбрайтын Оюутны хөтөлбөр хариуцсан дэд дарга Сара Томпсон, АНУ-ын Элчин сайдын яамны  Олон нийт хамтын ажиллагааны ажилтан Х.Саруул нартай уулзсан.

2010 оноос Фулбрайтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 15 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хөтөлбөрөөр сүүлийн 3 жилд суралцагчдын тоо нэмэгдсэн, Монгол залуучуудыг дэлхийн боловсрол эзэмших боломж олгож, дэмжиж байгаад сангийн зүгээс талархал илэрхийлсэн.

Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд бид гэрээнд шинэчлэлт оруулах тухай төслийн санал солилцсон. Энэ хүрээнд Фулбрайт хөтөлбөрөөр суралцаж буй магистрын түвшний оюутнууд мэргэжлээрээ ажиллах буюу дадлага хийх, хийсэн ажлын хөлсийг Фулбрайт хөтөлбөрийн болон сангаас олгох санхүүжилтээс суутгахгүй, мэргэжлээрээ дадлага хийхэд нь сан татгалзахгүй байх, хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг суралцагчдад зарцуулах боломжийн талаар ярилцсан.

Мэргэжлээрээ дадлагаа хийх нөхцөлийн тухайд тодорхой хэмжээний тэтгэлэг авсан оюутнуудад тэтгэлгийн хязгаараас хамааруулан заавал сангаас тухай бүр зөвшөөрөл авахгүйгээр хөтөлбөр өөрөө зохицуулаад явах тухай санал солилцсон. 2024-2025 оны хичээлийн жилд суралцаж буй 2 иргэн мэргэжлээрээ дадлага хийхтэй холбоотой 700$-5000$ ажлын хөлсийг хөтөлбөрийн санхүүжилтээс суутгахгүй байхаар тохиролцсон.

Цаашид хөтөлбөрт хамрагдах сургуулийн тоог нэмэгдүүлэх, Дэлхийн топ 100 сургуульд багтаагүй ч хөтөлбөрөөрөө мэргэшсэн сургуулиудыг хамруулах тухай саналыг солилцож, АНУ-ын талаас хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлахаар тохиролцлоо.