Сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан сум, хороодоос шалгарсан шилдэг суралцагч та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2022 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Боловсролын сайдын 3 удаагийн тушаалаар 21 улсын дэлхийн шилдэг их сургууль, засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны гэрээтэй нийт 70 гаруй их сургуульд нийт 758 суралцагч суралцаж байгааг дуулгахад таатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч та бүхэнд итгэл хүлээлгэн боловсон хүчнээ бодлогоор бэлтгэх зорилгоор Монгол улсын хөгжлийн тэргүүлэх, эрэлттэй мэргэжлүүдээр сургалтын төлбөр, дотуур байр, амжиргааны зардлыг бүтэн олгож Боловсролын зээлийн сангийн түүхэнд анх удаагаа хэлний бэлтгэлээсээ эхлэн суралцах боломжийг олгоод байгаа билээ.
Эх орныхоо татвар төлөгч ах, эгч нарынхаа хөлс хүчээр гадаадын дээд боловсролын байгууллагад суралцаж байгаа та бүхэн маань эрдэм номондоо хичээнгүйлэн суралцаж тухайн улсын хэл соёл, ёс заншил, сургуулийн дүрэм журмыг дагаж суралцахын сацуу хариуцлагаа ухамсарлан сургуулиа амжилттай төгсөн эх орондоо хүрэлцэн ирж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
Боловсролын зээлийн сан нь Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоолуудын хүрээнд журамд заасан санхүүжилтийг гэрээний үүргийн биелэлт, суралцагчийн дүн, сургалтын байгууллагуудаас ирүүлсэн судлах хичээлүүдийн нэртэй задаргаатай нэхэмжлэхэд хяналт тавьж санхүүжилтийг олгодог санхүүгийн байгууллага юм.
Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй бүх суралцагчтай манай сан Засгийн газрын 2022 оны 346, 2024 оны 102 тогтоолуудын хавсралтад заасан журмын дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нартай гурвалсан гэрээг байгуулж санхүүжилт олгож байна.
Иймд өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан суралцагч та бол хуулийн этгээд болж байгаа юм. Суралцагч та бүхэн гэрээгээ дахин нэг уншиж танилцан, дараах нийтлэг үүргээ хэрэгжүүлэхийг сануулья.
– Амжилттай суралцах
– Дэвшин суралцах эрхээ авах
– Сургууль, мэргэжлээ солихгүй байх
– Гэрээнд заасан хугцаанд төгсөх
-Тухайн улсын болон сургуулийн дүрэм, журам
– Гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх
– Сургуулиа амжилттай төгсөж ирээд аймаг нийслэлдээ мэргэжлээрээ 5 жил ажиллах гэх зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд санхүүжилт зогсоох, авсан бүх тэтгэлэгээ эргүүлэн төлөх эрсдэл үүсэхийг дахин анхааруулж байна.
Чанартай боловсрол эзэмшиж Монгол улсынхаа нэрийг дэлхийд гарган орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэн танд амжилт хүсье.
Дараах эрх зүйн актуудтай legalinfo.mn-ээс уншиж танилцана уу.
2022, 2023 онд гэрээ хийсэн суралцагчид | 2024 оны хичээлийн жилээс эхлэн суралцаж буй суралцагчид |
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолын хавсралт 1 | 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 102 тогтоол |
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Журам шинэчлэн батлах тухай” 72 дугаар тогтоолын хавсралт “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-тай мөн танилцаж мэдээлэл авна уу. |