Та өөрийгөө товч танилцуулна уу?

  •      Нэр, боловсрол, сурч байгаа сургууль, мэргэжил

   Сайн байна уу, намайг Амарбаярын Билгүүн гэдэг. Ерөнхий боловсролоо Монгол Тэмүүлэл лаборатори сургуульд сурж төгсөн, одоо Беркли дэх Калифорний их сургуульд өгөгдлийн ухаан, эрх зүйн чиглэлээр суралцаж байна.

  • Та ямар зэрэг олгох хөтөлбөрт хамрагдаж байгаа вэ?

Бакалаврын хөтөлбөр. Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг санхүүжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 271-р тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 78-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 70-р тогтоолын дагуу Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцаж байна.

Та яагаад гадаадад сурахаар шийдсэн бэ?

  • Сурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ?

Дэлхийн шилдэг их сургуульд суралцана гэдэг салбар салбартаа нэр хүндтэй, чадварлаг профессоруудаар хичээлээ заалган, дэлхийн эргэн тойрноос хүсэл тэмүүлэл, чадвараараа үнэлэгдэн тэнцсэн оюутнуудын дунд хичээллэнэ гэдэг хувь хүний хувьд ч, академик талаасаа ч тэр маш том боломж юм.

  • БЗС-ийн тэтгэлэг, сургалтын зээлд хамрагдах боломжийн талаар хаанаас мэдээлэл авсан бэ?

Боловсролын зээлийн сангийн хамт олон тэтгэлгийн тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх тал дээр сайн ажилладаг гэж боддог. Бакалаврын зээлийн талаар анх legalinfo.mn сайтаас олж мэдэж байсан бол жил бүр зохион байгуулагддаг гадаад дотоодын их сургуулийн танилцах өдөрлөгүүдэд зээлийн талаар биечлэн асуух, зөвлөгөө авах боломж гарч байсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайт, Боловсролын зээлийн сангийн веб сайт, цахим сүлжээн дээр ч мэдээлэл нь тогтмол тавигддаг байсан нь намайг эртнээс тус тэтгэлэгт бэлтгэх боломжийг олгосон. (Энэ хавар дээр дурдсан байгууллагуудын веб сайт шинэчлэгдэхтэй зэрэгцэн өмнөх онуудын зээлийн мэдээ устсан байсан. Гэхдээ web.archive.org ашиглан үзэх боломжтой.)

  • Сургалтын зээлд хамрагдахын тулд хэрхэн, хэр удаан бэлдсэн бэ?

Өмнө нь БЗС-ийн сургалтын тэтгэлгийн талаар мэдээлэлтэй байсан тул дэлхийн шилдэг их сургуульд тооцогддог их сургуулиуд руу голлон өргөдлөө илгээсэн. Хүссэн их сургуульдаа тэнцсэн тухайгаа мэдсэн даруйдаа тэтгэлэгт хамрагдах материалаа бэлтгэж эхэлсэн. Сонгон шалгаруулалтад бэлтгэх үйл явцад манай сургуулийн төгсөгч нар, сургалтын менежер, найз нөхөд, БЗС-ийн хамт олон гээд олон хүн тусалсан болохоор амжилттай тэтгэлгээ авсан гэж боддог.

  • БЗС-ийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад ороход юуг анхаарах вэ?

Судалгаа сайн хийх хэрэгтэй. БЗС-ийн санхүүжилтын талаар мэдээлэл, хууль эрх зүйн талаар нухацтай уншиж, асууж тодруулах зүйл гарвал БЗС, БШУЯ гэх мэт баталгаатай эх сурвалжтай холбогдох хэрэгтэй. Саяхан цахим сүлжээнд бакалаврын зээлийн талаар үнэн худал төрөл төрлийн мэдээлэл цацагдсан. Олон нийтэд шуугиан тариад байсан Монгол Улсын Засгийн газрын 70-р тогтоолыг л гэхэд анхааралтай уншвал бакалаврын чиглэлээр суралцах оюутны тэтгэлэгт эрүүл мэндийн даатгал, номын сангийн хураамжийг нэмж багтаах бидэнд маш хэрэгтэй заалт байсан шүү дээ. Манай үеийнхэн зохиогчийн эрхийн зөрчилтэй хууль бус киноны сайтын хаягийг олохдоо гаргууд сайн мөртлөө өөрийн боловсролд хэрэгтэй мэдээллээ болохоор олж чадахгүй, олсон мэдээллээ бүрэн уншиж ойлгохгүйгээр нийгэмд ташаа ойлголт төрүүлэхийг харах туйлын харамсалтай байсан.

Дэлхийн шилдэг их сургуульд багтдаг их сургууль гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Times Higher Education World University Rankings (https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2021/world-ranking/) болон Academic Ranking of World Universities (http://www.shanghairanking.com/rankings/arwu/2020) жагсаалтын эхний 100-т эрэмбэлэгддэг их сургуулийг хэлдэг. Хэрвээ сонгосон мэргэжил чинь Монгол Улсын

Засгийн газраас тодорхойлсон Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад багтдаггүй бол тус 2 жагсаалтын эхний 20-т багдаг их сургуульд тэнцэж байж БЗС-ийн зээлийн сонгон шалгаруулалтад хамрагдах эрхтэй болно. Мөн гадаадын их сургуулиуд руу ямар нэг зуучлалын газраар биш өөрөө хувиараа өргөдөл илгээвэл зүгээр юм шиг санагдсан.

Та сургууль сонголт хийхдээ ямар үзүүлэлтүүдийг авч үзсэн бэ?

  • Шалтгаан 1

Миний суралцахыг хүсч байгаа мэргэжлийн сургалт тус их сургуульд хэрхэн явагддаг, хэрвээ тус их сургуульд сурвал ямар боломж бололцоо надад олдох вэ гэдгийг бодолцож үзсэн. Жишээлбэл Беркли дэх Калифорний их сургуулийн хувьд Цахиурын хөндийтэй ойролцоо байрладаг тул АНУ-ын технологийн тэргүүлэх компаниудад дадлага туршлага хуримтлуулах боломжтой гэж үзсэн. Мөн Times Higher Education, Academic Ranking of World Universities дээр шилдэг их сургуулийн жагсаалтаас гадна мэргэжлийн чиглэл бүрт тэргүүлэх их сургуулиудын жагсаалтыг гаргадаг.

  • Шалтгаан 2

Их сургууль болгон өөрийн гэсэн түүх соёлтой байдаг. Берклигийн хувьд АНУ-ын нийгэм улс төрийн томоохон хөдөлгөөнүүд төрөн гарч байсан, эрх чөлөө, тэгш байдал, прогрессив үзэл санааны түүчээ болсон газар гэж хэлж болно. Түүнчлэн Ivy League-н сургуулиудтай дүйцэх боловсролыг ар гэрийн хөрөнгийн бололцооноос үл хамааран хүн бүрт тэгш олгох зорилттой, АНУ-ын тэргүүлэх их сургууль дунд гэр бүлээсээ анх удаа их сургуульд суралцаж буй оюутны тоо, цөөнх үндэстний төлөөлөл хамгийн ихтэй гэдэг нь миний хувийн үзэл баримтлалтай яв цав таарсан юм.

Сурч байгаа эрдэм мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу?

  • Гадаадын боловсролын тогтолцоо, онцлогийг Монголын боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж тайлбарлах боломж байна уу?

Заах арга барил нь оюутныг сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, “хайрцагнаас тэлж сэтгэх”- д сургадаг гэж хэлж болно. Жишээлбэл шугаман алгебрийн хичээл дээр зураг боловсруулах алгоритмд матриц яаж ашиглагддаг, Google-н хайлтын систем веб хуудас хэрхэн эрэмбэлдэг талаар үзсэн бол электроникийн хичээл дээр эсэргүүцэгч, конденсатор ашиглан touchscreen бүтээсэн нь биднийг онол практик яаж холбогддогийг ойлгоход тус болсон. Харин эдийн засгийн хичээл дээр өөр өөр онол, загварчлалын талаар үзэхдээ дан ганц цаад утга санааг нь тайлбарлаад зогсохгүй тус бүр юунд яаж ашиглагддаг, яаж буруугаар ойлгогдох аюултай гэдгийг ч мөн заасан ба АНУ болон дэлхийн өөр өөр эдийн засгийн кейсүүд дээр тогтмол ажилласан нь хичээлийн төгсгөлд дан ганц эдийн засгийн мэдлэгтэй болоод зогсохгүй эдийн засагч шиг сэтгэж сурахад тусалсан гэж хэлж болно.

Мөн гадаадын их сургуульд нэгнээсээ хуулах, шударга бус байдлаар өөртөө давуу тал үүсгэхийг хатуу хориглодог бөгөөд хуулаад баригдсан тохиололд дүнгийн хуулган дээрээ арилгах боломжгүй бүртгэлтэй болохоос эхлээд их сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авагддаг бөгөөд энэ нь дан ганц шалгалтан дээр бус гэрийн даалгавар, бие даалт гээд их сургуулийн бүх ажилд хамаардаг.

  • Таны суралцаж төгссөн улсын болон сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ?

Беркли дэх Калифоний их сургууль нь 1868 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд манлайлсаар ирсэн. Үелэх системийн 16 элемэнтийг манай сургуульд нээж байсан ба анхны цөмийн зэвсэг, CRISPR ген өөрчлөх технологи, хумхаа өвчний вакцин гэх мэт дэлхийг өөрчилсөн шинжлэх ухааны маш олон ололт манай сургуульд хийгдэж байсан. Берклигийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн 97 атомын дугаартай элемэнтийг беркли гэж нэрлэсэн байдаг. 110 Нобелийн шагналтан, 207 Олимпийн медальтан манай сургуулиас төрж байсан ба Apple, Tesla, Intel гэх мэт Цахиурын хөндийн хамгийн амжилттай компаниуд ч манай сургуулиас гараагаа эхэлж байсан.

Та өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монголын залуучуудад сургууль сонголт, мэргэжил сонголт, хамгийн гол нь сурах бэлтгэлийг хэрхэн хангах тухай зөвлөгөө өгнө үү?

  • Амьдрах зардал
  • Хичээлийн хажуугаар ажил хийх боломж
  • Хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийх тухай
  • Цагийн менежментийн тухай

Мэдээж АНУ ч гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудад суралцахад тулгардаг нэг том асуудал бол амьдрах зардал юм. Байрны түрээсийн мөнгөөс эхлээд хоол хүнсний өртөг Монгол Улстай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Гадаадад суралцдаг ихэнх монгол оюутнууд хичээлийхээ хажуугаар цагийн ажил хийж, амьдрах зардлаа олдог. Мөн хичээл дээрээ сайн дүнтэй бол их сургуульдаа цалинтай туслах багшаар ажиллах, цаашлаад профессоруудын судалгааны ажилд туслан мөнгө олох боломж байдаг.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтэд сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, номын сангийн төлбөр багтдаг бол оюутан өөрөө байр хоолны мөнгөө хариуцдаг. Тиймээс дан ганц тэтгэлгээ авсан л бол боллоо гэж бодолгүй мөн амьдрах зардал даах тэтгэлэг, ажлын байр зэргээ судлах хэрэгтэй гэсэн үг юм. Жишээлбэл манай зарим найзууд сурах газраа очоод кофе шопт ажиллахын тулд Монголд байх хугацаандаа баристагийн сургалтад хамрагдаж байсан.

Ер нь амьдрах зардал ч гэлтгүй гэрээсээ хол гадаадад их сургуульд суралцахад өөр олон асуудал тулгардаг. Гэхдээ энэ бүхнээс бие дааж сурах, асуудал шийдвэрлэх, юмыг өөр өнцгөөс хардаг болох гээд хувь хүний хувьд амьдралд илүү сайн бэлтгэгдэнэ гэж бодож байгаа тул ямар ч асуудал тулгарсан тэсээд л ард нь гарна гэж бодож байгаа.

Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна?

  • Гадаадын их сургуульд боловсрол эзэмших боломж олгосон БЗС-н хамт олонд талархал илэрхийлэх
  • Монголын залуучуудад олгогдож буй боломжийн тухай хэлэх
  • БЗС-ийн тэтгэлэг, сургалтын зээлд хамрагдан өндөр боловсрол эзэмшсэнээр таны зүгээс нийгэмд ямар үр ашгийг үзүүлнэ гэж та бодож байна вэ?

Улаанбаатар хотын жирийн нэгэн айлын хүү үнэ төлбөргүй Кембрижийн дунд боловсрол эзэмшин, дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлэгтэй суралцан мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосон Монгол Улсын Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын зээлийн сан, Монгол Тэмүүлэл лаборатори сургуулийн хамт олондоо талархаад талархаад баршгүй.

Дэлхийн шилдэг их сургуульд суралцах зорилготой байгаа үе тэнгийнхэн, дүү нартаа хэлэхэд алсын хараатай, зоригтой бас далайцтай байгаарай гэж хэлмээр байна. Америкийн хөгжлийг америк мөрөөдөлгүйгээр, Сингапурын хөгжлийг сингапур мөрөөдөлгүйгээр төсөөлөх боломжгүй. Үүнтэй адилаар Монгол Улсыг “Азийн Швейцарь” болгон хөгжүүлэх мөрөөдлийг бодит болгоход шинжлэх ухаан, боловсролын хөгжил салшгүй холбоотой гэж би боддог. Чанартай боловсрол ямар ч Сингапурын, ямар ч Их Британий пасспорт хүргэж өгч чадахгүй газруудад таныг хүргэх болно. Ирээдүйд та бид эх орныхоо хөгжил дэвшлийг мөр зэргэцэн түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.