“БОЛОВСРОЛ 2026” өдөрлөгт Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олны урилгаар оролцож, Боловсролын зээлийн сангийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажлын албаны дарга М.Төртогтох танилцууллаа.
Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад дээд боловсрол эзэмших боломж, санхүүгийн дэмжлэгийн талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой зохион байгуулагдсан юм.
Өдөрлөгт нийт 500 орчим сурагч, эцэг эх, асран хамгаалагчид оролцож, Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж, тэтгэлэг, зээл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг олон талт мэдээллийг сонирхон сонсож, идэвхтэй оролцлоо.
Мөн оролцогчдын зүгээс гаргасан асуултад тус сангийн мэргэжилтэнүүд хариулж, сурагчид ирээдүйн мэргэжил сонголт болон боловсролын санхүүгийн дэмжлэгийн талаар бодит ойлголт, зөв мэдээлэл авах боломж бүрдсэн үр дүнтэй өдөрлөг боллоо.
Ийнхүү тус өдөрлөг нь сурагчид болон эцэг эхчүүдэд боловсролын боломж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл түгээж, ирээдүйн боловсролын зорилгоо тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.