Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдад зориулсан Боловсролын зээлийн сан-гийн үйл ажиллагаа, дотоод болон гадаадын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар нэгдсэн мэдээлэл олгох онлайн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг нээж Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох үг хэлэн, Боловсролын зээлийн сангийн үндсэн чиг үүрэг, их, дээд сургуульд суралцагчдад олгодог санхүүгийн дэмжлэгийн төрөл, хамрах хүрээ, мөн зээл, тэтгэлэг олгохтой холбоотой мөрдөгдөж буй журам, шалгуур нөхцөлийн талаар танилцууллаа.
Сургалтын хүрээнд дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаар ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг, гадаадын зээл, тэтгэлгийн талаар ахлах мэргэжилтэн М.Шинэцэцэг нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод зээл, тэтгэлэгт хамрагдах шат дараалал, материал бүрдүүлэлт, хариуцлага, буцаан төлөлтийн зохицуулалт, мөн буцалтгүй тусламжийн онцлог давуу тал зэрэг практик ач холбогдол бүхий мэдээллийг жишээтэйгээр тайлбарлан хүргэлээ. Уулзалтын төгсгөлд Дархан-Уул аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн албан хаагчдын зүгээс тавьсан асуултуудад дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулт өгч, уг сургалт нь үр дүнтэй, бодит хэрэгцээнд нийцсэн болохыг оролцогчид онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн нийт суралцагчид болон эцэг эхчүүдийн дунд өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, хамтарсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар харилцан тохиролцов.



