ЭМГЭНЭЛ
Боловсролын зээлийн сангийн ахмад ажилтан, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), дэд профессор Дандарын Мишигдорж нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Мишигдорж нь 1951 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Тосонгийн Хархад хэмээх газар төрж, сумын дунд сургууль, 1968–1970 онд Ховд аймгийн Багшийн сургууль, 1973–1974 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1982–1986 онд УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 1999–2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрээр 2007 онд “Ардын аман зохиол хүний хүмүүжил төлөвшлийн чухал хэрэглүүр” сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, “Ардын аман зохиол” I, II дэвтэр, “Эрдмийн уурхай бидний сургууль” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг туурвин хэвлүүлсэн, өндөр боловсролтой, чадварлаг эрдэмтэн судлаач байлаа.
Ажлын гараагаа 1974–1982 онд Завхан аймгийн Отгон сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, Пионерийн ахлах удирдагчаар эхлүүлж, 1986 оноос Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд хичээлийн эрхлэгч, 1989–1999 онд Завхан аймгийн Отгон сумын сургуулийн захирал, 2001–2012 онд БСШУЯ-ны Сургалтын төрийн санд мэргэжилтнээр тус тус ажилласан. Мөн Орхон их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монос, Этүгэн их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.
Д.Мишигдорж нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэн он жилүүдийн хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлж, өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцсэн эрдэмтэн байлаа.
Түүний боловсролын салбарт ажилласан хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж “VIII таван жилийн гавшгайч”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Боловсролын яамны “Хүндэт жуух”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасан юм.
Түүний ажилч хичээнгүй, төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.