2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Боловсролын зээлийн сан (БЗС) болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр байгууллагын түншлэлийг албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хүрээнд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадварлаг мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил олгох болон мэргэшүүлэх, давтан сургах үйл ажиллагааг эрчимжүүлэх, суралцагчдыг БЗС-ийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Энэхүү санаачилга нь төр, бизнесийн байгууллагын түншлэлийн үр дүнд боловсролын зээлийн сангийн нийгмийн хариуцлага, хүрэлцээтэй санхүүжилтийн бодлогыг үйлдвэрлэлийн салбарт ойртуулж буй чухал алхам болж байна.

Тус арга хэмжээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Бүтээмжийн менежер Д.Баярбилэг, Боловсролын зээлийн сангийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцож, хоёр талын хамтын ажиллагаа цаашид үр дүнтэй, тогтвортой өргөжих боломжтойг онцлон тэмдэглэлээ.