НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энх тайван, хөгжил дэвшилд боловсролын оруулж буй үүрэг, хувь нэмрийг онцлох үүднээс жил бүрийн 1 дүгээр сарын 24-ний өдрийг Боловсролын олон улсын өдөр болгон тэмдэглэхээр баталж, тав дахь жилдээ “Боловсролыг эн тэргүүнд тавих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” уриа дор тэмдэглэж байна.
2022 оны 9 дүгээр сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн санаачилга дор зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” чуулга уулзалтаас гарсан үр дүнд үндэслэн ЮНЕСКО-оос энэ жилийн Боловсролын олон улсын өдрөөр улс орнуудыг боловсролын салбар өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа ажил хэрэг болгохыг уриалж буй юм.
Боловсролыг хувирган өөрчилнө гэдэг нь дэвшилтэд техник, технологи, шинэлэг багшлахуй болон суралцахуйн арга замыг нэвтрүүлж, хүртээмжтэй, тэгш хамруулах шинэ боловсролын тогтолцоог бий болгоно гэсэн үг юм. Боловсрол гэдэг нь зөвхөн мэдлэг олгох бус шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, хүн төрөлхтнийг байнга хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицох чадварыг бэхжүүлэх явдал юм.
Энэхүү Боловсролын олон улсын өдрөөр бүх нийтийн сайн сайхны төлөө боловсролыг хувирган өөрчлөх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна!