Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт, шинжээч Э.Батсэлэм, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирал Б.Амарсанаа, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид, эцэг эх, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож, журмын шинэчилсэн төсөлд санал, байр сууриа илэрхийллээ.
Журмын шинэчилсэн төсөлд дараах үндсэн өөрчлөлт, зохицуулалтыг тусгахаар танилцуулсан. Үүнд:
- Боловсролын зээлээр суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчийн зээлд жилийн 6 хүртэл хувийн хүү тооцох;
- Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад тавигдах шаардлагад монгол хэлний шалгалтын оноог тусгах;
- Гадаадын шилдэг их, дээд сургуулийн хамрах хүрээг дэлхийн шилдэг 100 сургуулиас 300 сургууль болгон өргөжүүлэх;
- Суралцагчийн голч дүнгийн шалгуурыг нэмэгдүүлж, хяналтын тоог үндэсний эрэмбэд үндэслэн тогтоох;
- Суралцагчийн төрөөс санхүүжүүлсэн багц цагийн хэмжээнд үндэслэн төгссөний дараа Монгол Улсад ажиллах хугацааг тооцох. Тухайлбал, 120 багц цагийн сургалтын төлбөрийн санхүүжилт авсан бол 60 сар буюу 5 жил ажиллах үүрэг хүлээх;
- Боловсролын салбарын нэрэмжит тэтгэлгийн шинэ зохицуулалтыг бий болгох зэрэг өөрчлөлтийг тусгахаар журмын төсөлд санал болгож байна.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дээрх зохицуулалттай холбоотой санал, зөвлөмжөө илэрхийлж, журмын төслийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.


