Боловсролын зээлийн сангийн Ажлын албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, 2026–2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд суралцахаар бэлтгэж буй 300 гаруй суралцагчдад зориулсан чиглүүлэх уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн журам, цахим гэрээ байгуулах үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт зэрэг асуудлаар нэгдсэн мэдээлэл өгч, цаашдын суралцах үйл явцад шаардлагатай зөвлөгөө, чиглэл хүргэв.
Арга хэмжээг Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн нээж, “Монголын ирээдүйн хүмүүн капитал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ дэлхийн түвшний боловсрол эзэмшихээр зорин суралцаж буй залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах хариуцлагатай иргэн, ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Мөн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга С.Анхбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өгч, Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх цахим гэрээ байгуулах системийг ашиглах заавар, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Чиглүүлэх уулзалтын үр дүнд оролцогчид тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, өөрсдийн эрх, үүрэг, санхүүжилт авахтай холбоотой үйл ажиллагааны дараалал болон цахим гэрээ байгуулах журмын талаар нэгдсэн ойлголттой болж, гадаадад суралцах хугацаандаа мөрдөх хариуцлага, үнэт зүйлсийн талаар мэдээлэл авлаа.
Боловсролын зээлийн сан нь Монгол Улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон улсын түвшинд суралцахаар шалгарсан суралцагчдад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө хүргэх, тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.


