Өвөрхангай аймагт “Боловсролыг дэмжих жил”, аймгийн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ахлах ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд их, дээд сургуулиудын хөтөлбөр, элсэлтийн журам, тэтгэлэг, боловсролын зээл, мэргэжил сонголтын талаарх мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой “Өвөрхангай боловсрол-ЭКСПО 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд дотоодын томоохон их, дээд сургуулиудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Филиппин зэрэг улсын их, дээд сургуулиудын төлөөлөл, боловсролын зуучлагч болон сургалтын төвүүд зэрэг нийт 31 байгууллага оролцсон бөгөөд Боловсролын зээлийн сан хамтран оролцож, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэн ажиллалаа.
Энэ үеэр Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл, хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл, шалгуур, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, бусад тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн дотоод, гадаадын боловсролын санхүүжилтийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө хүргэлээ. Ийнхүү арга хэмжээ нь сурагчдад боловсролын зорилгоо тодорхойлох, мэргэжлээ зөв сонгох, цаашдын суралцах боломжоо бодитоор төлөвлөхөд чухал дэмжлэг болсон юм.





