Боловсролын зээлийн сангийн Пүрэв гарагийн ээлжит мэдээллийн цагаар даатгалын салбарын талаар мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой сургалт, уулзалт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ард даатгал ХХК-ийн Даатгалын ерөнхий менежер П.Эрхбаяр, Даатгалын менежер Г.Дэлгэрцэцэг нар оролцож, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм.

Сургалтын үеэр оролцогчдод автомашины даатгал, эрүүл мэндийн даатгал, мөн хувь хүн болон байгууллагад зориулсан бусад төрлийн даатгалын ач холбогдол, хэрэгцээ, хамрах хүрээ, нөхцөл журмын талаар танилцуулга хийв. Ялангуяа автомашины даатгал нь эрсдэлийг бууруулах, даатгуулагч болон даатгагч талуудын эрх ашгийг хамгаалах чухал хэрэгсэл болохыг онцолсон байна. Мөн эрүүл мэндийн даатгал нь иргэдийг гэнэтийн өвчин, эмчилгээний зардлын дарамтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлдэг талаар мэдээлэл өглөө.

Арга хэмжээний үеэр оролцогчид даатгалтай холбоотой сонирхсон асуултуудаа асууж, мэргэжилтнүүдээс бодит жишээ, зөвлөгөө аван харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэхүү уулзалт нь даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын ач холбогдлыг таниулахад чухал ач холбогдолтой боллоо.