Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, гэрээ байгуулах процессыг илүү хурдан, ил тод, үр ашигтай болгох зорилгоор цахим гэрээний системийг нэвтрүүлж, уг системийг ашиглах сургалтыг зохион байгууллаа.
Тус цахим шилжилт хэрэгжсэнээр суралцагч, сургууль болон Боловсролын зээлийн сан хоорондын гэрээ байгуулах үйл явц бүрэн цахим хэлбэрт шилжиж, олон шат дамжлага бүхий цаасан ажил хөнгөвчлөгдөхөөс гадна цаг хугацаа, зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэх нөхцөл бүрдэж байна. Мөн гэрээ байгуулах, баталгаажуулах бүх үйл явц системд бүртгэгдэн хадгалагдах тул хяналт, ил тод байдал сайжрах, цаасны хэрэглээ буурах зэргээр байгаль орчинд ээлтэй давуу талуудтай юм.
Шинэ системийг амжилттай нэвтрүүлэх хүрээнд “Смарт Контракт Монголиа” ХХК-ийн борлуулалт хариуцсан ахлах менежер Б.Элбэгжаргал сургалтыг удирдан явууллаа. Сургалтад БЗС-гийн хэлтсийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд хамрагдаж, цахим гэрээний системийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, гэрээ баталгаажуулах аргачлал, практик хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.
Энэхүү сургалт нь албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ системийг бодит ажилд үр дүнтэй ашиглахад чиглэсэн ач холбогдолтой болж, цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ.



