Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулан дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах зорилготой “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024 онд шалгарсан сурагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох гэрээ байгуулж байна.
Тус гэрээ байгуулснаар шалгарсан сурагчид олон улсын нэр хүндтэй их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардал болон холбогдох бусад дэмжлэгийг төрөөс хүлээн авах нөхцөл бүрдэж байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь орон нутаг, нийслэлийн бүх хороодын шилдэг төгсөгчдөд тэгш боломж олгож, дэлхийд өрсөлдөх чадвартай, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүний нөөцийг бэлтгэх зорилготой урт хугацааны бодлогын чухал хөтөлбөр юм.
2024 оны шалгаруулалтад тэнцсэн сурагчид Монгол Улсад 1 жил бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж АНУ, Их Британи, Канад, Герман, БНСУ зэрэг 16 орны тэргүүлэх их, дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд сургалтаа амжилттай төгссөний дараа Монгол Улсад мэдлэг, ур чадвараа ашиглан ажиллах үүрэг хүлээнэ.
Цаашид Боловсролын зээлийн сангаас гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, тэтгэлэгт хамрагдсан сурагчдын суралцах нөхцөл, амжилтыг тогтмол дэмжин ажиллах юм.






