Боловсролын зээлийн сан “Смарт Контракт Монголиа” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Боловсролын зээлийн сан (БЗС) болон Смарт Контракт Монголиа ХХК нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд БЗС-ийн Ажлын албаны дарга М.Төртогтох, “Смарт Контракт Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөр нар гарын үсэг зурсан байна.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд тус компанийн Смарт Контракт Монголиа ХХК-ны борлуулалт хариуцсан захирал Б.Элбэгжаргал, БЗС-ийн Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Баянмөнх нар оролцлоо.
Талуудын байгуулсан энэхүү гэрээний хүрээнд БЗС нь суралцагчдад үзүүлэх гэрээний үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, үйлчилгээний хурд, ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана. Ингэхдээ ДАН танилт, нэвтрэлтийн системд суурилсан цахим гэрээний шийдлийг ашиглан харилцагч, хэрэглэгчийг найдвартай баталгаажуулах юм.
Хамтын ажиллагааны хүрээнд ашиглах “Хурдан” цахим гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох эрх зүйн зохицуулалтад бүрэн нийцсэн, талуудын эрх, үүргийг тэнцвэртэй тусгасан жишиг баримт бичиг бөгөөд гэрээний үндсэн нөхцөлүүдийг бөглөж илгээснээр 5–10 минутын дотор баталгаажуулах боломжтойгоороо онцлог юм.
“Смарт Контракт Монголиа” ХХК нь иргэн, байгууллага, төр хоорондын бүх төрлийн баримт бичгийг 100 хувь цахимаар үүсгэх, илгээх, баталгаажуулах, улмаар блокчэйн сүлжээнд найдвартай хадгалах боломжтой E-Geree.mn цахим гэрээний системийг хөгжүүлээд байна.
Тус компани нь Боловсролын ерөнхий газар-тай хамтран Эдүтэн, Пийрсон хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 685 сургуультай нийт 1380 орчим гэрээг ердөө 10 хоногийн дотор 100 хувь цахимаар амжилттай байгуулсан бодит туршлагатай.
Өнөөдрийн байдлаар И-Монгол академи, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Монголбанк, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг 3300 гаруй байгууллага, 170,000 орчим иргэн E-Geree.mn системийг ашиглаж байна.