Та өөрийгөө товч танилцуулна уу?

  • Нэр, боловсрол, мэргэжил –  Б.Болортуяа, хүний их эмч, дүрс оношлогооны эмч мэргэжилтэй
  • Одоо эрхэлж буй ажил – АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгт Эрсдэлийн удирдлагын албаны дарга
  • Та ямар сэдвээр эрдмийн зэрэг, цолоо хамгаалсан бэ? – Эрүүл мэндийн удирдлага, менежмент

Таны гадаадад сурахаар шийдсэн зорилго?

  • Сурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ? – Өөрийн хүсэл тэмүүллээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын хөгжлөөс суралцах, гэр бүлийн маань дэмжлэг зэрэг олон хүчин зүйлс нөлөөсөн.
  • БЗС-ийн тэтгэлэг, сургалтын зээлд хамрагдах боломжийн талаар хаанаас мэдээлэл авсан бэ? – Ер нь энэ талаар өмнө нь сонсож байсан, БШУЯ-ны сайтаас мэдээлэл авсан. Тухайн үед мэдээлэл, зарлалаас нь хоцорчихвий гээд өдөр бүр сайт руу нь орж шалгадаг байсан. Тэгээд зар тавигдсаныг хараад маш их баярлаж материалаа бүрдүүлж эхэлсэн.
  • Сургалтын зээлд хамрагдахын тулд хэрхэн, хэр удаан бэлдсэн бэ? – Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, дараа нь резидентэд суралцаж төгссөнөөс хойш төрийн байгууллагад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаад АНУ руу магистрын зэрэг хамгаалахаар явсан. АНУ-д 1 жил хэлний бэлтгэлдээ суралцаж төгсөөд магистрын хичээлээ эхлүүлэх улиралдаа БЗС-ийн сонгон шалгаруулалтад онлайнаар бүх материалаа бэлдэж орсон. Тэр үед Монголд байсан миний дүү болон гэр бүлийнхэн маань их тусалсан.
  • БЗС-ийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад ороход юуг анхаарах вэ? БЗС-ийн санхүүжилтээр суралцаж төгсөхөд ямар ч хүнд нээлттэй хамгийн гол нь өөрсдөө тавигдаж буй шаардлагаа хангасан, цаашид суралцаж мэргэших мэргэжлээ мөн суралцах сургуулиа сонгосон байх хэрэгтэй. Миний хувьд мэргэжил сонголт их чухал гэж боддог. Эмчээр суралцаж төгсөөд ажиллаж байгаад, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой, бодлогын төвшинд ажиллах зорилготой байсан болохоор эрүүл мэндийн удирдлагаар магистрт сонгон суралцаж төгссөн. Эрүүл мэндийн салбар маш чухал салбар, одоо манай Монголд энэ чиглэлээр мөн бакалавр, магистраар сургалт явагддаг болсон.

Та сургууль сонголт хийхдээ ямар үзүүлэлтүүдийг авч үзсэн бэ?

  • Шалтгаан 1 – Суралцах мэргэжлийн сонголт, тухайн сонгосон чиглэлээр магистрын хөтөлбөртэй, сургуулийн түүх, сургалтын чанар зэргийг харсан. Манай сургууль 1905 онд байгуулагдсан, 110 жилийн түүхтэй том сургууль.
  • Шалтгаан 2 – Миний суралцаж төгссөн сургууль АНУ-ын яг төв муж, цагаачид багатай, тэнд яг л сургуульд суралцаж төгсөх оюутнуудад зориулагдсан хот, муж, сургууль байгаа, сургалтын төлбөр харьцангуй боломжийн. АНУ—ын баруун болон зүүн эргийн хотуудад өртөг маш өндөр, сайн шилдэг сургуулиуд нь төлбөр өндөртэй, амьдрах хотууд нь өртөг өндөртэй байдаг. Тэр бүхнийг судалж үзсэн.

Сурсан эрдэм мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу?

  • Гадаадын боловсролын тогтолцоо, онцлогийг Монголын боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж тайлбарлах боломж байна уу? – Одоо өөрчлөгдсөн л байх, АНУ-д анх оюутан болоод очиход Монголд миний оюутан байх үетэй харьцуулахад нилээн ялгаатай санагдсан. Боловсролын систем нь тоонд биш чанарт анхаардаг, хүүхдийг анх сургуульд орсон цагаас нь бие даалт гэдэг зүйлийг маш сайн сургадаг. Багаасаа аливаа зүйлийг бие дааж судлаад сурчихсан тохиолдолд оюутан болоод суралцахад асуудал байдаггүй.

Мөн АНУ-д зуны сургалтууд тогтмол явагддаг. Дунд сургууль бол хүүхдийг зуны амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх хүүхэд хөгжүүлэх тал дээр нь анхаарч 5-10 төрлийн зуны сургуулийг бүх улсын болон хувийн сургуулиуд хүүхдүүдэд хуваарь гарган санал болгодог. Хүүхдүүд явахгүй дан гэртээ ч амралтаа өнгөрөөх боломжтой. Харин оюутнууд бол зун хичээлээ судалснаар сургуулиа богино хугацаанд суралцаж төгсөх боломж олгодог. Энэ маш таалагдаж байсан. Манай тэндэхийн монгол оюутнууд бүгд л зун тогтмол 1-2 хичээл авч зуныг үр дүнтэй өнгөрүүлдэг. 3 хичээл авахаар арай ачаалал нь ихдээд байгаа харагддаг. Манайх дунд сургууль ч бай дээд боловсрол ч бай өөрчлөлт хийж хөгжүүлэх бол сургалтын тогтолцоо, агуулга, орчин гээд бүгдийг нь цогц байдлаар өөрчилмөөр санагддаг. Бидний үеийн 10-н жилийн сургууль одоо 12 жил болсон боловч сургалтын агуулга, орчин нь багш нарын заах арга барил яг л хуучнааараа байгаа юм шиг санагддаг.

Одоо үеийн монгол оюутнууд өөрчлөгдсөн байж магадгүй л юм. АНУ-д ажил хийддэггүй нэг ч оюутан бараг байхгүй дээ, бүгд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийнэ. Оюутны кампусдаа гадаад оюутнууд 7 хоногт тодорхой цагаар ажиллах эрхтэй байдаг. Тэндхийн оюутнууд мөн кампуст болон кампусаас гадуур бүгд л ажил хийдэг. Мөн маш спортлог, энгийн амьдралыг чухалчилдаг.

  • Таны суралцаж төгссөн сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ?

АНУ-ын  онцлог гэвэл хүн бүр л мэдэж байгаа, аль ч салбарт тэргүүлж явдаг, тиймдээ ч тэнд төгсөлтийн дараах боловсрол эзэмшсэндээ маш сэтгэл хангалуун байдаг. Мөн манай сургуулийн онцлог гэвэл мужийн их сургууль, 115 жилийн түүхтэй, хэдийгээр мужийн хүн амын хувьд дийлэнх нь цагаан арьстан америкууд байдаг ч яг сургууль маань, сургуулийн кампус маш даяаршлагдсан /diversity/ соёлтой. Мөн АНУ-ын бүх их дээд сургуулиуд өөрсдийн гэсэн билэг, тэмдэг, лого, өнгөтэй байдаг. Манай сургуулийн лого хүрэн баавгай, өнгө нь улаан хүрэн өнгө /maroon/.

  • Таны ажил ба амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Их л өөрчлөлтүүд гарсан. Ер нь харж байхад гадаад улс оронд урт хугацаанд хүн сурч, амьдарснаар их зүйлийг мэддэг. Яг тухайн улсынхаа нийгэм, соёлын онцлогыг маш сайн мэдэрч, сайн зүйлээс нь суралцдаг. Ажлын хувьд төгссөн мэргэжлийнхээ дагуу одоо монголдоо ирээд Монголын анхны их сургуулийн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байна. АНУ-д Их сургуулийн эмнэлгүүд нь маш шалгуур өндөртэй, мундаг эмнэлгүүд байдаг. Манай эмнэлэг ч тийм л эмнэлэг болох зорилготой ажиллаж байгаа. Мөн маш их зүйлсийг суралцаж байна. Миний мэргэжлийн онцлог бол тасралтгүй суралцах байдаг, анх 16 настай 10-р ангиа төгсөөд Анагаахад оюутан болсон. Тэрнээс хойш суралцсаар л байна. Одоо АШУҮИС-ийн докторант.

Та өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монголын залуучуудад сургууль сонголт, мэргэжил сонголт, хамгийн гол нь сурах бэлтгэлийг хэрхэн хангах тухай зөвлөгөө өгнө үү?

  • Амьдрах зардал – Амьдрах зардал, өртөг АНУ-ын аль муж, хот гэдгээсээ шалтгаалж ялгаатай байдаг. Би дээр хэлсэн энэ сургуулийг сонгох болсон нэг шалтгаан маань манай муж, хотын өртөг бусад өндөр өртөгтэй мужуудтай харьцуулахад харьцангуй боломжийн. Манайх гэр бүлээрээ байдаг болохоор 2 бедроом буюу монголынхоор 3 өрөө байр түрээслэж амьдарч байсан. Сарын түрээс 900 доллар. (Энэ нь дундаж өртөг үүнээс ч хямд байдаг) Манайхтай ижил байрыг жишээ нь Калифорни болон ДС орчимд 3000 орчим доллараар түрээслэнэ. Хоол хүнсний тухайд гайгүй асуудалгүй. Ер нь АНУ-д ямар нэг байдлаар ажиллаад л байвал амьдраад л байна, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлдэг улс.
  • Хичээлийн хажуугаар ажил хийх боломж – Тогтоосон цагийн лимитээр кампусд ажиллах боломжтой. Түүнийгээ хэрэгцээндээ зарцуулаад амьдрах бүрэн боломжтой.
  • Хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийх тухай – Хичээлийн төлөвлөлтийг магистр, докторын оюутнуудыг удирдагч багш нь чиглүүлж өгдөг. Миний хувьд манай удирдагч багш яг миний суралцаж төгсөх магистрын хөтөлбөр хариуцсан захирал байсан ба анх уулзахад л хэдэн улиралд хэдэн кредит цагийн хичээл судлах ёстойг тайлбарлаад аль улиралд ямар хичээлүүд авах, ямар хичээл нь зайлшгүй судлах ёстой, ямар нь сонголтоор судлах ёстой зэргийг маш ойлгомжтой тайлбарлаж ярилцаж тохирсон. Мөн удирдагч багш маань ямар хичээлүүд гадаад оюутнууд буюу төрөлх хэл нь англи биш оюутнуудад үзэж судлахад хүндрэлтэй зэргийг хэлээд өгчихдөг байсан нь надад илүү амар байсан. Ер нь гадаад оюутнуудад удирдагч багш маш чухал байдаг.
  • Цагийн менежментийн тухай – Цагийн менежментийг тэнд маш сайн хийж сурсан. Энд байхдаа хүүхдээ ээж аавдаа даатгаад хичээл эсвэл ажлаа гээд аль нэгэнд нь илүү цаг гаргаад явчихдаг байсан хүмүүс тэнд очоод хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургууль, өөрсдийнхөө хичээл, хажуугаар нь тогтмол цагийн ажил хийнэ гээд маш сайн цагийн менежмент хийхгүй бол амжихгүй. Манай нөхөр бид 2 ихэвчлэн орой, шөнө л номын санд сууж, хичээл номоо хийдэг байсан. Гэр бүлээрээ байсан болохоор ганц бие оюутнуудаас илүү хариуцлагатай байх шаардлагатай байдаг. Өглөө нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль, тэдний хоол унд гээд, үдээс хойш эсвэл орой ихэвчлэн 4-8 цаг хүртэл хичээлтэй байдаг, тараад хүүхдүүд дээрээ ирнэ, тэднийгээ орой 8.30 цагт оронд нь оруулаад 9 цаг гэхэд өөрсдөө номын сан руугаа явдаг. Би ихэвчлэн шөнө 12, 1 хүртэл сууж хичээлээ хийнэ, уншина, манай нөхөр зарим үед өглөө болтол суудаг. Олон ч шөнө номын санд сууж хоносон. Маш их хичээсний шр дүнд 2-лаа зорьсон зорилгодоо хүрч сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо ирсэн. Манай нөхөр хос дипломтой төгсөж ирсэн. Бид 2 аль аль нь хүмүүс их сураад байдаггүй чиглэлээр суралцаж төгссөн.

Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна?

БШУЯ-ны харъяа БЗС-нд талархаж явах болноо, бидний сурах хүсэл мөрөөдлийг гүйцээж, боломжоор хангаж өгсөнд баярлахгүй байхын аргагүй. Цаашдаа олон залуусыг гадаадад өндөр боловсрол эзэмшихэд нь дэмжлэг болооосой гэж хүсэж байна. Төр засгаас нэгдсэн журмаар  уул уурхай, эрдэс баялгийнн үр шимээ хойч үе, хүүхэд залуусаа сурч боловсроход нь дэмжиж, зарцуулаасай гэж хүсэж байна. Гадаадын их дээд сургуульд суралцах боломжоор жил болгон өшөө олон залуусыг хангаж байгаасай гэж хүсэж байна. Мөн нөгөө талдаа залуучуудаа сурж мэдэх зорилго эрмэлзлээ гээхгүй улам л их хичээгээд байгаарай л гэж хэлмээр байна. Боломж хүн болгонд ямар нэгэн хэлбэрээр гарч ирдэг. Аль ч салбарт тухайн чиглэлээрээ гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж ирснээр эргээд эх орон, нийгэмдээ олон талаар эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өөрийнхөө жишээн дээр ярихад манай эмнэлэг Япон менежментийг монголд анх удаа нутагшуулж байгаа эмнэлэг, миний зүгээс АНУ-д боловсрол эзэмшсэн болохоор зөвхөн Япон гэлтгүй АНУ-ын эрүүл мэндийн салбар, тогтолцооны, менежментийн сайн туршлагаас эмнэлэгтээ хэрэгжүүлэх гээд ажиллаж байна. Нийгэмдээ бол манай гэр бүл соёлч боловсон, хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг, оюунлаг, шудрага, эд хөрөнгийг биш эрдэм мэдлэгийг дээдэлсэн тийм л нэг хэсэг нь болоод амьдарч байна даа.