Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор тухайн жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 500 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгоно.

Ерөнхийлөгчийн тэтгэлэг дараах төрөлтэй байна:

1.     Монгол Улсын бүх сум, хорооны түвшинд шалгарсан суралцагчид олгох бэлтгэл болон үндсэн хөтөлбөрийн тэтгэлэг;

2.     Олон улсын олимпиадад медальт байранд шалгарсан суралцагчид олгох тэтгэлэг.

Суралцах боловсролын түвшин: Бакалавр

ДОТООДЫН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.     Сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж төгссөн байх, ахлах сургуульгүй сумын суралцагч бол харьяалагдах аймгийн аль нэг ердийн сургалттай сургуульд тасралтгүй 3-аас доошгүй жил суралцсан байх;

2.     Тухайн жилийн элсэлтийн шалгалтын “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авсан байх;

3.     Дээрх хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч, сум, хороондоо тэргүүлсэн байх.

ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦУУЛАХ:

1.     Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг 60, түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх;

2.     Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тухайн жилд тогтоосон эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад (Таймс Хайэр Эдүкейшн Вөрлд Юниверсити Ранкингс) бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-100-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах;

3.     Энэ журмын 4.9-д заасан тухайн гадаадын сургалтын байгууллагын шаардлага хангасан байх. /Засгийн газар хоорондын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангаас хийсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцуулна./